2022 оны 6 дугаар сард Финланд улсад болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан байна.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон Улсын Олимпын Хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын Степпе Арена ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулахаар боллоо. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөх юм.
Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм.
Мөн Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд Степпе Арена-д зохион байгуулагдах юм.
Олон Улсын Мөсөн Хоккейн Холбооны Ази Номхон Далайн Стратеги Төлөвлөлтийн Бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Манай улсад болох тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.