Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сүмогийн холбоо өчигдөр хэлэлцэж, ирэх оны нэгдүгээр сарын тэмцээнд барилдах эрхийг нь хасчээ.
Түүнийг согтуудаа Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ Японы шар хэвлэлээр гараад байсан билээ. Иймд сүмогийн холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан байдаг.
Гэхдээ өчигдрийн шийдвэр нь түүнийг бусдад гар хүрсэнд биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушийн газар орсонд нь шийтгэл оногдуулсан байна. Ичиножёо 2020 оны арваннэгдүгээр сарын 22, 2021 оны наймдугаар сарын 23-нд Токио дахь Монгол хоолны газарт архи уусан гэжээ.
Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна. Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэв.
Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн таван жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзээд хэрэгссэнгүй үлдээжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.