О.Даваадэлгэрт тоглох эрхийг нэг жилээр хасаж, 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа

О.Даваадэлгэрт тоглох эрхийг нэг жилээр хасаж, 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн есдүгээр сарын 04-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд болсон.

Тус тоглолттой холбоотойгоор

  • СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай,
  • СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нараас Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлыг Монголын хөлбөмбөгийн холбоо хүлээн авч хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.

Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.