Оросын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлын талаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь ноцтой асуудал болсон. Бээжингийн өвлийн олимпын үеэр энэ асуудал дэгдсэн нь тамирчны буруу биш” хэмээн тайлбарлав.
Хэвлэлийн бага хурлын үеэр Спортын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Мэтью Риб “Тамирчныг олимпын наадамд оролцуулахгүй байх нь нөхөж баршгүй гарз учруулах болно” хэмээн ярилаа.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд допингийн хариуг оройтож мэдэгдэн асуудлыг дэвэргэсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ-ий үеэр Валиевагийн өгсөн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Оросын допингийн эсрэг агентлаг түүний эрхийг тэр даруй хассан ч ердөө маргааш нь эргэн сэргээсэн юм. Харин энэ шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг эсэргүүцэж, давж заалдаад байсан билээ.
Хэдийгээр Валиевагийн олимпын наадамд оролцох эрхийг сэргээсэн ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх талаарх бүрэн хэмжээний шийдвэрийг дараа нь гаргах болно гэдгээ Спортын арбитрын шүүх илэрхийлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.