XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 01 дүгээр сарын 31-ний болон 02 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваанаас эхлэн үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирлээ.
Бөхийн барилдааны гурвын давааны өмнө Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгын хурыг буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Буян хишгийн даллага” авлаа.
Бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдад улсын цол хүртээх ёслол болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8 дахь хэсэгт заасан болзлыг хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 9 дүгээр зарлигийг 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан.
Мөн бөхийн барилдааны дөрвийн давааны өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Улсын аварга малчин, тариаланчдын төлөөлөлд шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.