Мөсөн өргөө ба рөүнинг, боче, шага, флорбол...

Мөсөн өргөө ба рөүнинг, боче, шага, флорбол...

Мөсөн өргөөд 15 спортын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн 10 хоног үргэлжилж өндөрлөлөө. Холимог тулаан, спорт брейк бүжиг, тэргэнцэртэй сэлэм, уран сайхны болон спорт, аэробик гимнастик,  туялзуур сэлэм, рөүнинг, PUBG MOBILE, байт харваа, ширээний теннис, флорбол, шага, жюү жицү, боче, шатар, хүндийг өргөлтийн төрлөөр ёстой 4 настай балчираас эхлээд өсвөр үеийнхэн улсын аваргын төлөө хүч сорилоо. Үнэхээр 10 өдөр үзэх юмтай, доргио гэхэд дэндүү доргио сайхан өдрүүд өнгөрөв.  

Эдгээр спортын 15 холбоо нэгдэж, УАШТ-ээ хамтран зохион байгуулсан байна. Mongol HD, MNB-sport, ETV HD, TenGer зэрэг дөрвөн телевиз шууд дамжуулж үзэгчдээ баясгалаа. Улс орныхоо ирээдүй хойч үеийнхнийхээ боловсрол, хүмүүжилд хувь нэмрээ оруулж, эфирийн цагаа зарцуулсан эдгээр  телевизийнхэнд талархах хэрэгтэй.

Энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Дээрх төрлийн спортоос заримыг нь бид дуулаа ч үгүй, сонсоо ч үгүй юм байна хэмээн олон хүн ярьж байхтай таарлаа. Тэгэхээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр хаа хаанаа анхаарах цаг болжээ гэсэн үг. Бидний үр хүүхдүүд биднээс илүү дэлхийн спортоор хичээллээд эхэлж. Гэтэл эцэг эхчүүд нь мэдэхгүй байна гэдэг харамсалтай. Төр засаг нь дэмжихгүй байна гэдэг бүр ч эмгэнэл юм шүү.

 Мөсөн өргөөд болсон энэ тэмцээний зарим нь анх удаа болж байгаа юм билээ. Рөүнийнг, боче, шага, флорбол гээд олон хүний сонсож ч байгаагүй төрлүүдээр хүүхэд залуус маань өрсөлдлөө. Мэргэжилтнүүд үүнийг Монголд нийтийн биеийн тамир шинэ жишгээр хөгжих эхлэл тавигдлаа хэмээн ярьж байна. Одоо хөгжүүлэх тал дээр ажиллах цаг иржээ. Хүн бүр спортоор хичээллэвэл эрүүл саруул байж, хүүхэд залуус маань эрдэм боловсролтой, зөв төлөвшил хүмүүжилтэй иргэн болох нь дамжиггүй. Спорт бол заавал мэргэжлийнхний хийдэг зүйл биш. Оффисын ажилтан, багш, эмч, жолооч тэр ч байтугай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэхийг илүүд үздэг болсон байна. Спортлог байх гэхээс илүүтэй эрүүл байж амьдралын чанар сайжирч, өөдрөг тэмүүлэлтэй амьдрах үндэс болдгийг захын хүн мэдэрдэг болсон. Харин тэдэнд спортоор хичээллэх боломж байна уу гэдэг тулгарч байгаа асуудал. Манай төр, засгийн тэргүүнүүд спортоор хичээллэдэг, спортод дуртай хүмүүс. Спортоор хичээллэхийн ашиг тусыг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх  хойно нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах биз ээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.