Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав. Энэ үеэр Ч.Наранбаатар дарга аваргуудтай монгол үндэсний бөх, цаашлаад спортын салбар дахь цэвэр ариун өрсөлдөөнийг бий болгох, допингоос ангид байлгах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар энэ үеэр “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм шүү.
МҮОХ ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэв.
Харин Ч.Санжаадамба аварга “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг.
Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй шүү дээ” гэв.
Түүнчлэн С.Мөнхбат аварга “Юуны өмнө биднийг хүлээн авч, нэр хүндтэй шагналаа гардуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна.
Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон.
Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа шүү дээ. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна” гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.