Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн “Хавай” спорт зааланд боллоо.
Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос тасралтгүй өрсөлдөж ирсэн энэ удаагийн тэмцээнд 35 байгууллагын 254 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.
Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон тэмцээнд “Токио-2020” олимпийн наадамд оролцож тавдугаар байр эзэлсэн Болдсайханы Хонгорзул, “Монголиа Опен”, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит ОУТ-ий медальт, Энхтүвшингийн Батмагнай нар залуучуудын улсын аваргаар дөрөв дэх удаагаа тодров. Монголын чөлөөт бөхийн түүхэнд залуучуудын улсын аваргад дөрөв болон түүнээс дээш түрүүлсэн ердөө зургаан тамирчин байдаг. Тэгвэл Баянхонгорын залуучууд энэхүү эгнээнд нэрээ бичүүллээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Эрдэнэбатын Төгсжаргал, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Чинболдын Отгонтуяа, 72 кг-д Орхоны “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Доржсүрэнгийн Цогзолмаа нар сүүлийн гурван жил дараалан жиндээ торолгүй түрүүлсэн. Э.Төгсжаргалын хувьд 2018 онд Төв аймагт болсон тэмцээнээр 57 кг-д үзүүрлэж байсан бол сүүлийн гурван жил дараалан түрүүлэхдээ 61, 65, 70 гэсэн гурван өөр жинд алтан медаль хүртэв. 50 кг-ын жинд энэ жилийн Ослогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал залуучуудын ангилалд хараахан аваргалж үзээгүй явсан. Тэгвэл тэрбээр “Цол дагаж бяр” гэгчээр жиндээ түүртэлгүй түрүүллээ. Д.Отгонжаргал шигшээ барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Энхзулыг оноогоор цэвэр ялсан. Өчигдөр өсвөр үеийн улсын аварга болсон Баянхонгор аймгийн тамирчин Б.Хишигсүрэн, Налайх дүүргийн А.Даваажаргал нар ердөө нэг хоногийн дараа залуучуудын ангилалд түрүүлж “давхар цохилт” хийцгээлээ. Тэмцээний хаалтын ёслолд мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадорж, авга ах, улсын гарьд, чөлөөт бөхийн спортын мастер Н.Ганбаатарын хамт хүрэлцэн ирж, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан юм. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” дэвжээний дасгалжуулагч Түвшинтөгсийн эмчилгээний зардалд зориулж өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөсөн юм.
Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 143 оноогоор тэргүүлж, ОУХМ Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль 117 оноогоор удаалж, ОУХМ М.Баярсайхан дасгалжуулагчтай “Төгс” дэвжээ 108 оноогоор гуравдугаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 170, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 105, спортын мастер Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС 104 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг (23 бөх): 1. Б.Мөнх-Эрдэнэ 2. Г.Батнасан (хоёул Төгс) 3. Г.Ганзам (Дархан-Уул, Хасу-Мегастарс), Л.Мөнх-Од (Төв)
61 кг (26): 1. П.Дашцэрэн (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Ш.Эрдэнэ-Очир (Орхон, Ирээдүйн одод) 3. Б.Зэнээмэдэр (Дархан-Уул, Хасу-Мегастарс), Р.Баттулга (ҮБТДС)
65 кг (23): 1. Я.Үржинжав (Баянхонгор) 2. Б.Балжинням 3. Э.Энх-Амгалан (хоёул Спортын төв сургууль), Б.Баасандорж (Даян)
70 кг (25): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Б.Буд (Баянгол, 73 дугаар сургууль) 3. Б.Маргад-Эрдэнэ (ДХИС), П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
74 кг (10): 1. Ж.Далайдорж (Баянхонгор) 2. Б.Баттулга (Орхон, Ирээдүйн одод) 3. Батбаяр (Дархан-Уул, Хасу-Мегастарс), М.Өсөхбаяр (Төгс)
79 кг (23): 1. О.Сүлдхүү (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. Б.Мөнхдаваа (МЖ клуб) 3. Б.Өсөхбаяр (Архангай), Т.Дэмжигдорж (МЖ клуб)
86 кг (12): 1. Ц.Баярсайхан (Орхон, Ирээдүйн одод) 2. Н.Батбилгүүн (Төв) 3. Б.Энхманлай (Төгс), Б.Энх-Амгалан (Аварга)
92 кг (15): 1. А.Мягмарсүрэн (МУБИС) 2. Б.Ган-Эрдэнэ (Төгс) 3. А.Билгүүн (Аварга), Ө.Шийрэв (Алдар)
97 кг (11): 1. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль) 2. Мөнгөн-Эрдэнэ (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 3. Б.Амарбаясгалан (Даян), Э.Уугангэрэл (Төгс)
125 кг (7): 1. Э.Батмагнай (Алдар) 2. Л.Батзориг (Аварга) 3. Г.Түвшинтөр (Даян)
Эмэгтэйчүүдийн 50 кг (15): 1. Д.Отгонжаргал (Женко) 2. Б.Энхзул (Төгс) 3. Б.Уянга (Налайх), Г.Оюундарь (Алдар)
53 кг (10): 1. Ч.Отгонтуяа (Алдар) 2. М.Мөнхгэрэл (МЖ клуб) 3. Ж.Золзаяа (МУБИС), Г.Рэнцэнханд (Алдар)
55 кг (7): 1. М.Пүрэвтунгалаг (МУБИС) 2. Б.Отгонтуяа 3. О.Ариунзаяа (хоёул Алдар)
57 кг (7): 1. Б.Хишигсүрэн (Баянхонгор) 2. Т.Цэнд-Аюуш (Алдар) 3. Э.Ренцэнханд (МУБИС)
59 кг (8): 1. Б.Марал (Женко) 2. Ц.Должинсүрэн (Архангай) 3. Б.Буянхишиг (Дархан-Уул, Хасу-Мегастарс), Б.Хулан (Женко)
62 кг (9): 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 3. Б.Анударь (Хантайшир), Б.Сансармаа (Архангай)
65 кг (4): 1. Т.Энхжин (Алдар) 2. Д.Наранжаргал (Архангай) 3. Г.Энхжин (ШУТИС)
68 кг (4): 1. А.Даваажаргал (Налайх) 2. О.Сарансувд (Женко) 3. Г.Намуунцэцэг (Архангай)
72 кг (6): 1. Д.Цогзолмаа (Орхон, Ирээдүйн одод) 2. А.Хонгорзул (Женко) 3. Б.Дэлгэрцэцэг (ҮБТДС)
76 кг (9): 1. Д.Халиун (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. О.Цэлмүүн (Спортын төв сургууль) 3. Б.Найдансүрэн (Алдар), Г.Дэлгэрцэцэг (Баянзүрх)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.