Риогийн тэнгэрт төрийн далбаагаа намирахыг харах л үлдлээ

Риогийн тэнгэрт төрийн далбаагаа намирахыг харах л үлдлээ

Монгол Улс 2016 онд онцлох олон үйл явдлын эзэн байлаа. Сонгуулиа ч зохион байгуулж, наадмаа ч сайхан тэмдэглэж, одоо хүртэл наадамласаар л явна. Төрийн их баяр наадамтай залгасан АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг ч чамбай сайн зохион байгуулж, олон орны төрийн тэргүүнүүдээс онц үнэлгээ авлаа.

Их ч ажил амжууллаа. Одоо бидэнд нэг том ажил үлдсэн нь РИО-2016 олимпын наадам. Хүн төрөлхтөний спортын эв нэгдлийн хамгийн том баяр “Рио-2016” зуны 31 дүгээр олимпын наадам Бразил улсын Рио де Жанейро хотноо эхлэхэд тун цөөхөн хоног үлдлээ. Бүр тодруулбал, зуны 31 дүгээр олимпын их наадам Рио де Жанейро хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-нд болно.

Манай улс 1992 оны Барселонагийн зуны олимпын наадмаас хойш 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпын наадамд спортын долоон төрөлд 29 эрх авч оролцож байсан бол эдүгээ “Рио-2016” зуны олимпын наадамд анх удаа спортын есөн төрөлд 49 эрх авч, түүхэндээ Монгол Улсаас хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм.

Тамирчид олимпын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө РИО-д очсон байх учиртай тул одоогоор эх орондоо бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байгаа. Өнөөдрийн байдлаар, жүдо 13, чөлөөт бөх 10, бокс зургаа, буудлага гурав, таэквондо, хүндийг өргөлт, байт харваа тус бүр нэг, хөнгөн атлетик дөрөв нийтдээ 39 тамирчин Рио-2016 олимпын эрхээ хүртээд байна. Усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох нь тодорхой болсноор өнөөдрийн байдлаар энэ тоог 41 тамирчин гэж албан бусаар зарлаж болохоор болоод байгаа юм.

Мөн Паралимпийн тамирчдын амжилт ч чамлахааргүй. Манай тамирчид “Рио-2016” паралимпод таван төрөлд найман тамирчнаа сойно. Үүнд, пара байт харваа гурав, пара жүдо бөх хоёр, пара буудлага, пара хөнгөн атлетик, пара пауэрлифтинг тус бүр нэг тамирчин оролцоно. Үүнээс гадна Эрүүл мэнд,спортын сайдын тушаал гарч, олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явах юм билээ. Түүнчлэн энэ жилийн хувьд нэг онцлог байгаа нь багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа юм. Тусгайлсан хоол хүнс бэлтгэх, тамирчиддаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал тус бэлтгэл хангагч тогооч нар ажиллах юм гэнэ билээ.

Мөн Өмнөд Америкийн Рио де Жанейро хот бөмбөрцөгийн нөгөө талд оршдог хот учраас жаахан хүндрэлтэй байх талаар албаны хүмүүс хэлж байсан. Гэхдээ олимп тэндхийн өвлийн улиралд болно. Өвлийн улиралдаа тэнд 20-иод хэм хүртэл л халдаг болохоор манай тамирчдад нэг их хүндрэл гарахгүй байх магадлалтай. Хэрэв зуны улирал таарсан бол тэнд 40 градус хүрч халдаг болохоор ихээхэн хүндрэл гарах байсан нь дамжиггүй.

Түүнчлэн цагийн зөрүүний тухайд манайхаас 13 цагийн зөрүүтэй байдаг бөгөөд спортын чиглэлийн анагаах ухаан хөгжсөн орнуудад цагийн зөрүүг яаж арилгахыг тогтоочихсон байдаг, тэгээд ч манай тамирчид 13 хоногийн өмнө тэнд очиход цагийн зөрүү бүрэн арилна хэмээн тооцож байгаа юм билээ. Тэгэхээр манай тамирчид медалийн оосроос атгах бүрэн боломжтой болно гэсэн үг. Магадгүй Бээжингийн олимпоос ч их амжилт үзүүлнэ гэдэгт монголчууд найдаж буйгаа хэлж байгаа юм.

Тэгэхээр бидэнд хариуцлагатай, бас нэг том ажил үлдээд байгаа нь энэ. Тун удахгүй буюу энэ сарын 20-нд “Рио 2016” олимпын наадамд оролцох Монголын тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд болно. Тиймээс бид тамирчдынхаа захыг мушгиж, Риогийн тэнгэрт Монголынхоо төрийн далбааг намирахыг харах л үлдлээ дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.