Туркийн Анталия хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын бөхчүүд барилдсан. Дөнгөж сая хэсгийн барилдаан болж, өнөөдөр барилдсан манай таван бөх бүгдээрээ хүрэл медалийн төлөө шалгарч үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Б.Амартүвшин, Ж.Амарболд нар хоорондоо хүрлийн төлөө тулах юм. Б.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Афганстаны бөх Али Попалзайг ялсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Киргизбаевыг бараагүй. Гэхдээ торгуулийн тойрогт Израйлийн Алон Рахимаг буулгаж авч, хүрлийн төлөө шалгарч үлдлээ.
Ж.Амарболдын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Рустам Ибраевыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Киргизстаны Байаманыг хожсон. Гэвч хагас шигшээд Туркийн шилдэг бөх Озлу Бекирт ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо.
66 кг-ын жинд зодоглосон Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг нар ч гэсэн хүрлийн төлөө хоорондоо тулахаар боллоо. Д.Алтансүх уг нь хагас шигшээд шалгарсан ч Оросын Абдула Абдулзалилавыг барсангүй. Харин Д.Төмөрхүлэг торгуулийн тойрогт Македоны бөх Денис Виеруг цэвэр ялж, хүрлийн төлөө шалгарч үлдлээ. Ямар ч байсан манайх эхний өдөр хоёр хүрэл медаль хүртэх нь тодорхой болов.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Ц.Хулан эхний тойрогтоо Туркийн Сейма Озерлерыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Оросын Айгул Куценког ялсан. Гэвч хагас шигшээд Косовагийн бөх Нора Жаковаг барсангүй. Ингэснээр хүрлийн төлөө Казахстаны Севара Нишанбаеватай барилдахаар боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.