Н.Номтойбаяр: Цементийн үйлдвэрийн барилгыг барууны технологоор барих чадамжтай компани Монголд байхгүй

Н.Номтойбаяр: Цементийн үйлдвэрийн барилгыг барууны технологоор барих чадамжтай компани Монголд байхгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулж байгаа юм байна. Энэ хоёр банктай ямар гэрээ хийж, ямар нөхцөлөөр бууруулж байгаа вэ?

-Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судалж, тодорхой шийдлийг танилцуул гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа. Одоо тэтгэвэр авагчдын 91 хувь нь Төрийн банк, “ХААН” банкаар үйлчлүүлж байна. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, “ХААН” банкнаас шилжиж өөр банк сонгосон байгаа.

Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна. Тухайлбал, Төрийн банк, “ХААН” банканд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай маржинаа харилцан тохиролцоод,  дөрөв болвол 11 хувиар, тав болвол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банкинд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа.

-Хоёр банк сонгоод мөнгө байршуулж байгаа нь хуульд нийцэх үү?

-Хууль зөрчиж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тэглээ гээд зээлийн орлого буурсан уу гэвэл үгүй. 36 тэрбумаар нэмэгдсэн. Энэ сангийн орлогоос жилдээ дор хаяж 30 орчим тэрбум төгрөгийг орлогдох боломжтой гэж өнгөрсөн дөрвөн жилд хэлж байсан. Одоо тэрийг нөхөх шийдвэр гарсан.

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг танай яам хүлээн авдаг. Гэтэл танд хамааралтай компани нэлээд олон тэрбум төгрөгийн хөнгөлөлт авч байгаа. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм биш үү?

-Би та хэдэд нэг зарчим ярья. Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн.

Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийнх биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдуудаас саналаа аваад шийднэ. Яамдууд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа.

-Тэгвэл та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. Өөрөөр хэлбэл, монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн гэсэн үг. Гэтэл хувийн компанидаа монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой юм бэ?

-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Шал өөр. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.

-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1500 ажилтан байна гэхээр 15 дахин өсчихжээ. Яагаад ингэж нэмэгдсэн юм бэ?

-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.

-МАК компани хөнгөлөлт эдэлж байгаа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хувьд хэр ёс зүйтэй асуудал вэ.Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?

-Та хэд өөрсдөө шүүн тунгаа. Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.

-Тэгэхээр та хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна гэж ойлгож болох уу?

-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК орно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.