О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн сарын 28-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. Дараа нь ажлын хэсгийг хуралдуулж тодорхой судалгааны ажлыг хийнэ гэдэг зарчмын санал гарсан. Гэтэл Байнгын хороо гэнэт хуралдаж,  тэндээсээ чуулганаар хэлэлцүүлэх гэхэд нь АН-ын бүлэг завсарлага авсан.

Энэ асуудлыг хэлэлцэхдээ Дэгийн хуулийг баримтлахгүй түрэмгийллийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. 103 зүйл ангитай хуулийг 140 гаруй зүйл ангитай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа эхнийхээр нь 70 зарчмын зөрүүтэй санал сүүлийнхээр нь 78 зарчмын зөрүүтэй санал хураалаа. Хуулийнхаа 60-80 хувийг албан ёсоор МАН-ын гишүүдийн бодлогоор хийлээ. МАН-ынхан энэ хуулийг дангаараа шийдэж байна.

“АН-ын гишүүдийг оруулаач ээ” гэдэг санал тавьсан ч Ц.Элбэгдоржийн хамаатанг л оруулсан. Тэр хамаатан нь түр сууж байгаад гараад явсан. Дараа нь ажлын хэсэг дээр Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж нарын  гишүүн сууж байгаад дээрх 78 саналыг дэмжээд оруулчихсан. Би нэг зүйл дээр маш их санаа зовж  байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна. Эхнийх нь нийт ард түмнээс, хоёрт нь парламентаас гэж заасан байгаа. Тэгэхээр парламент өөрөө нийт намуудтай зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулинд “Сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан гэдэг үг байгаа.

Гэтэл нөхөд “гадаадад зургаан сар байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг үгээр солихгүй. Монгол Улсад хэд хоног амьдарсныг нь хуулиар зохицуулах болохоос гадаадад хэд хоног юу хийснийг нь шийдэхгүй. Өнөөдөр Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг давхар оруулж ирлээ. Яагаад гэвэл УИХ-ын болон Орон нутгийн сонгууль энэ хуулиар явсан. Хууль дэгтэй, дүрэмтэй байх ёстой. Энэ бол МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөх бол хоёр нам өрсөлдөхөөр боллоо, энэ төслөөр.

Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн хэлдгээр хуйвалдааны дүрэм хийж байгаад санаа зовж байна. Хуулиа нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Гэтэл нийт ард түмний санал асуулга байтугай намуудын саналыг ч авахгүй байна. Парламентад суудалгүй намуудад Ерөнхийлөгчийн сонгууль хамааралгүй болсон. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.