УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 09:35 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг хойшлуулах санал гаргасан юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна.
Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улстөржүүлэх хүн олон байгаа тул хойшлуулах хэрэгтэй” гэлээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулахад татгалзах зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлснээр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон.
Үүний дараа Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр мөрдөгдөж буй хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгаа, тэдний нийгмийн асуудлын талаархи зохицуулалт орхигдсон байдаг. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буй төсөлд уг асуудлуудыг тусгасан бөгөөд төслийн 84-88 дугаар зүйлд алба хаагчийн баталгаа болон улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.
Түүнчлэн галт зэвсэг хэрэглэх, хүний биед үзлэг хийх, нэгжлэг хийх, саатуулах зэрэг ажиллагааг журмаар зохицуулж байсныг хуулиар зохицуулахаар тусгасан гэв. Цагдаагийн цолтой холбоотой зохицуулалтыг хуулийн төслийн 74 дүгээр зүйлд тусгасан бөгөөд өнөөдрийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд албан тушаалын цол гэдэг ойлголт бий ч цаашид албан хаагчийн мэргэжлийн болон хувийн ур чадварыг харгалзахаас гадна цаг хугацааны шаардлагыг хангасан тохиолдолд цолыг нь нэмэхээр тусгасан байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар төсөлд тусгасан нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх болон удирдах албан тушаалтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Урьд нь зөвхөн албан тушаалын цол гэж байсан, хууль батлагдсан нөхцөлд албан хаагчийг томилохдоо мэдлэг, ёс зүй, ур чадвар, гаргасан амжилт зэрэг зарчмыг үндэслэн тодорхой хугацаатайгаар олгохоор болсон.
Тухайлбал, цагдаагийн дэд ахлагч нь цагдаагийн албанд дөрвөн жил тогтвортой ажилласан байж ахлагч болно, мөн дахин дөрьөн жил ажиллаж байж ахлах ахлагч болгон гэж хуульд заасан. Сүүлийн үед албан тушаалын цол олгодож байна гээд хурандаа байсан хүнийг нэг өдөр л ахмад болгож цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүйд багагүй нөлөөлсөн. Ингэж болохгүй” гэсэн тайлбар хийсэн юм.
Түүнчлэн төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг тусгай алба бөгөөд орон нутаг дахь цагдаагийн байгууллагын удирдлагуудын томилогоо, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахдаа тухайн аймаг, сумдын удирдлагуудтай хамтран ажиллах талаарх зохицуулалтуудыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй, "олон нийтийн цагдаа"-гийн эрх хэмжээний талаарх зохицуулалтуудыг нягтлах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүд хэлж байв.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 90.9 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
1300 орчим ажилтан, албан хаагчийн зардал шаардагдаж байгаа гэв
Мөн хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын Ж.Ганбаатар “Дотоодын цэрэг чинь дотоодын бүтээн байгуулалтад оролцдог байсан. Гэхдээ өнгөрсөн параламентын үед дотоодын цэргээх төмөр зам бариулах зэрэг асуудал үүсч байсан.
Тиймээс дотоодын цэргийн хямд хүчийг ашиглах гэж байна гээд бизнесийн тодорхой харилцаануудыг үймүүлж, эдийн засгийг нурааж огт болохгүй шүү” хэмээн санал хэллээ. Мөн дотоодын цэргийг байгуулахтай холбоотой төсөв, зохион байгуулалтын талаар сонирхсон юм. Үүний хариуд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бүтцийг татан буулгах амархан байдаг. Харин дахин шинээр байгуулах, бүтээх нь тун амаргүй.
Дотоодын цэргийг шинээр байгуулахтай холбоотойгоор нэн тэргүүнд нэг шинэ барилгын асуудал яригдаж байгаа. 1300 орчим ажилтан, албан хаагчийн цалин хөлс, хувцас хэрэгслийн зардал шаардагдаж байгаа” гэлээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам батлагдсан төсөвтөө багтаан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа гэв. Улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор 2017 оны төсөв хэмнэлтийн горимоор батлагдсан.
Гэсэн хэдий ч салбарын хэмжээнд сүүлийн жилүүдэд нормын хувцас, зөөлөн эдлэл тавигдаагүй байсныг, хил хамгаалах болон цагдаагийн байгууллагын албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэрт гарсан албан хаагчдын 36 сарын тэтгйэмжийн асуудал хуримтлагдсан байсныг, хил хамгаалах байгууллагад ажилласан таван жил тутамдаа авдаг нэмэгдэл цалин, урамшууллыг сүүлийн гурван жил олгоогүй байсныг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг тус тус шийдвэрлэсэн юм байна.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.