Монгол Улс ардчилсан орон гэдгийг мэдэж байна. Бид бүгдээрээ эрхтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ өөр нэгний хамрын үзүүрээр чиний эрх хязгаарлагддаг биз дээ. Хэчнээн эрхтэй байлаа гээд бас хязгаар гэж нэг юм бий. Ардчилсан оронд амьдарч, бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй гэлээ ч үүрэг гэж нэг тээглүүр гарч ирэх ёстой биз дээ.
Зөвхөн хувь хүнд ч биш албан байгууллагад ч гэсэн үүрэг байх ёстой. Гэтэл Монголын арилжааны банкуудад эрх л байхаас биш үүрэг гэж алга. Тэд өндөр хүү, дааж давшгүй шалгуур тавих онц бөгөөд бүрэн эрхтэй. Өөр хууль, журам, дүрэм тэдэнд огт хамаагүй юм шиг л аашилж байгаа.
Ёстой л нөгөө үлгэрт гардаг хамгийг залгигч хар мангас мэт л болж. Эдийн засаг яаж ч хямарсан хамгийн ашигтай ажиллаж байгаа нь арилжааны банкууд. Шалгуураа улам нэмээд, зээл хумиад л суучихна. Мэдээж эрсдэлгүй ажиллах хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ яг онолын хувьд зээл олгогч, зээлдэгч хоёр ижил биш юм гэхэд ойролцоо эрхтэй байх ёстой л доо. Зээл авч байгаа иргэн ч гэсэн тэдний ашиг орлогыг нэмэгдүүлж өгч байгаа учраас тэр шүү дээ.
Харамсалтай нь манайд бол тийм биш. Банкны барьцаанд ямар сайхан зүйлээ тавьсан ч хэзээ мөдгүй эвдэрч, хэмхрээд дуусах гэж байгаа мэтээр үнэлдэг. За тэгээд элдэв шимтгэл, суутгал хэрээс хэтэрсэн. Зээл олгохдоо хүртэл үйлчилгээний шимтгэл гэж авна. Бэлэн мөнгөний машинаас өөрийнхөө мөнгийг авсны төлөө 100 төгрөг төлнө. Өөр банкны АТМ-аас авбал бүр 500 төгрөг төлөх жишээтэй. Арай л банкных нь байранд орохдоо мөнгө төлөх нь холгүй байна.
За тэгээд зээлийн хүүтэй бол ярих юм байхгүй. Дэлхийд хамгийн өндөр хүүтэй зээлийг бараг манай улсын банкууд өгч байна. Ядаж байхад зээлээ эргэн төлөхөд эхлээд бүх хүүгээ авах зарчмаар ажиллана. Гэх мэтээр иргэдийг шулах, мөлжих бүхий л аргыг хэрэглэдэг. Арилжааны банк хамгийн ашигтай бизнес учраас сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг л олширч байна. Жаахан мөнгө хөрөнгөтэй хүн бүр банк байгууллаа шүү дээ.
Цаашлаад Улаанбаатарт байгаа хамгийн том, сайхан шилэн барилгууд банкных. Зүв зүгээр шахам гоё барилгаа буулгаж хаяад л шинийг барих жишээтэй. Тун ч ашигтай ажиллаж байгаагийн жишээ шүү дээ. Харин энэ бүх асуудлыг ярихаар баахан тайлбар тавьдаг. Төв банкнаас зохицуулах аргагүй.
Банкуудын хадгаламжийн хүү өндөр байгаа юм чинь зээлийнх нь ч мөн адил өндөр байх нь аргагүй гээд л дайраад байх нь тэр. Тэгвэл энэ бүхнийг хуулиар, журмаар, өрсөлдөөнөөр, өөр юу байдаг юм тэр бүхнээр зохицуулж, бууруулж болно шүү дээ. Ганцхан эрх мэдэлтнүүд хүсэхгүй байна. Олон эдийн засагчид гадаадын банк оруулж ирвэл өрсөлдөөн өрнөөд банкны зээлийн хүү буурах боломжтой гэж үздэг, тайлбарладаг.
Гэтэл нөгөө талаас нь дайраад, өөрөөр тайлбарлаад, үгүйсгээд л өнгөрдөг. Эдийн засагчид гэдэг чинь тийм ч тэнэг хүмүүс бас биш шүү дээ. Судлах юмаа судлаад, мэдчихсэн байгаа. Боломж бий гэдгийг мэдрээд ярьж байгаа нь тодорхой. Гэтэл огт бүтэхгүй юм ярьсан мэтээр харлуулаад, нөгөө талаас нь бөмбөгдөөд л өнгөрдөг. Энэ хэвээрээ байвал банкны салбарынхан асар их ашиг олж байгаа учраас хүсэхгүй байна, тэд. Тиймдээ ч мөнгө төлөөд ч хамаагүй сөрөг сурталчилгаа хийгээд л дуусгадаг. Тэгээд л өдрөөс өдөрт шимтгэл, суутгал, хүүгээ нэмээд л байж байна.
Хаан банк гэхэд байсхийгээд л хэрэглэгчдийнх данснаас мөнгө алга болсон, дутсан явдал гардаг. Саяхан нэг танилын маань данснаас 20 мянган төгрөг алга болж, бөөн эрэл сурал болов. Мэдээж данснаас нь мөнгө гарахад утсанд нь мессэж ирдэг хүмүүс бол мэднэ шүү дээ. Тэгээд эрэл сурал болоод, банкны ажилтантай холбоо барихад системд алдаа гараад, зарлага гарчихжээ гэсэн байгаа юм.
Тэгээд хоёр хоногийн дараа өнөөх мөнгө нь эргэж дансанд нь орсон л доо. Хамгийн сонирхолтой нь тэр өдөр цөөнгүй таньдаг хүн маань данснаас нь 20 мянган төгрөг гарсан талаар ярина билээ. Сонин давхцал байгаа биз дээ. Ингээд бодвол, хардвал тэд иргэдийн данснаас 20 мянган төгрөг гаргаж, мөнгө босгоод гаргачихсан ч байж болно гэж хардаад байгаа юм. Тэгээд эргэлдүүлээд, ашиг олоод, буцаагаад хийж байж болох.
Цаашлаад утсанд нь мессэж ирдэггүй, дансандаа овоо хэдэн төгрөгтэй, 10, 20 мянган төгрөг дутсаныг мэдэхгүй, анзаарахгүй иргэд ч байгаа. Бүр их хардвал энэ мэтээр мөнгийг нь “хулгайлдаг” юм биш биз. Үнэндээ байсхийгээд л Хаан банкны данснаас мөнгө алга болсон талаар гомдол гарч л байдаг шүү дээ. Тэр болгонд системд нь алдаа гараад байдаггүй л юм бол. Тэгдэг бол энэ мэт алдаагаа засах цаг болсон баймаар.
Иргэдэд баахан шалгуур тавьдаг, дээрэлхдэг банкууд ийм мэтийн алдаа гаргаад байж болохгүй биз дээ. Худалдаа хөгжлийн банк гэж тасарчихсан газар байна. Сардаа 500-600 мянган төгрөгийн цалинтай хүнд хоёр жилийн хугацаатай хоёр сая төгрөгийн зээл ч өгөхгүй шахуу.
Тэр дундаа анх удаа зээл авч байгаа бол сая төгрөгөөс илүү төгрөгийн зээл өгдөггүй гэж байгаа. Бүр даам гарчихсан. Гэтэл бусад банкууд 36 сараар, тэгээд цалингийн өндөр хувиар зээл өгөөд л байна. Гэх мэтээр асуудал их байна. Харин сүүлийн үед банкуудын зүгээс сонсогдсон ганц гайгүй мэдээ нь “Хас” банк АТМ-аас мөнгө авахад шимтгэл авахаа больсон. Сайхан санаачилга, үлгэр дуурайлал. Ингэж бас болдог юм байна. Улмаар энэ санаачилгыг бусад банкууд ч хэрэгжүүлэхийг уриалсан.
Харамсалтай нь дэмжиж байгаа банк алга. Ядаж л өөр банкны АТМ-аас мөнгө авахад авдаг 500 төгрөгийн шимтгэлээ ч бууруулж байгаа юм алга. Гэтэл гадны оронд бүх банк дундаа нэг АТМ-тай, түүнээсээ мөнгөө авчихдаг. Технологи тултал хөгжсөн өнөө үед яагаад тэр мэт жишгийг аваад, Монголдоо хэрэгжүүлээд, иргэдээ бодож болдоггүй юм бэ. Энэ бүх шулаач бодлогыг жаахан хазаарлах “хазаар” хэн нэгний гарт байх л ёстой.
Тэд эрхтэй байж болно, бас үүргийг нь ухамсарлуулах хэрэгтэй байна. Хэт их эрх чөлөөтэй, дураараа авирласан, үгсэн хуйвалдсан шинжтэй л байгаад байдаг. Ам.долларын өсөлтийн үед ч гэсэн арилжааны банкууд үгсэн хуйвалдсан байх талтайг учир мэдэх хүмүүс яриад байсан. Зөвхөн нэг зүйл дээр ч биш бүх л юман дээр үгсэн хуйвалдах замаар ажлаа явуулаад байгаа юм биш үү.
Хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүүгээ бууруулах аргагүй гэж суухаар иргэдээ бага ч болов боддог бол шийдэж болно. Бүгдээрээ хоорондоо яриад, тохиролцоод хадгаламжийнхаа хүүг бага ч болов бууруулж яагаад болохгүй гэж. Ядаж л 2-3 хувиар ч юм уу. Тэгвэл зээлийн хүү дагаад тэр хэмжээгээр буурна. Тэгээд ч бүх хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшиж байгаа баячууд 2-3 хувиар хүүг бууруулна гэхэд нэг их гонжроод байхгүй байлгүй дээ. Төв банк ч гэсэн энэ чиглэл рүү явахыг арилжааны банкуудад шаардмаар байна. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг хийе, хэрэгжүүлье гэвэл болно доо, уг нь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.