ҮХЦ-ээс П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томиллоо

ҮХЦ-ээс П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томиллоо
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Одбаярыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд болзол шаардлагыг хангаж байгаа хэмээн үзэж, дэмжжээ. 
 
Яг одоо ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатыг чөлөөлөх, Д.Одбаярыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд үг хэлж байна. 
 
Ц.Даваасүрэн: 
 
-Нэр дэвшиж байгаа Д.Одбаярыг дэмжиж байна. УИХ-д хоёр удаа суусан. Хууль зүйн салбарт мөрөө үлдээсэн. Өмнөх парламентын үед эдийн засгийн хямрал руу улс орноо чирж байсан. Төрийн хүний жудагтай ажиллах журмыг тогтоогоорой. Цэц сонгуульд хүртэл оролцсон. Тогтолцоог нь хүртэл өөрчилж оролцсон. УИХ-ын гишүүд, Засгийн газартай хариуцлага тооцдог байдал нь тодорхойгүй болсон. Хууль зөрчсөн сайд яах вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Их юм бугшсан газар шүү энэ ҮХЦ. Цаашид үүнийг шийдэх хэрэгтэй. Миний хувьд Д.Одбаяр Хууль зүйн сайд, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай болохоор одоо цэцийн дарга ч хийж болно. ҮХЦ-ийн нэр хүндийг унагаж байгааг залруулах хэрэгтэй. Төрийн ноён нуруутай хүний журмаар ажиллаарай.
 
Х.Болорчулуун:
 
-Д.Одбаяр дарга аймгийн даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Цэц бол цагаан өнгөтэй байх ёстой. Гэтэл улс төрийн дарга нарын нөлөө орсон. Цэцээс гаргасан гомдол бүхэн хад мөргөөд буцдаг. Сүүлийн жилүүдэд бүр зуршил боллоо. Сая Ц.Даваасүрэн гишүүн сонгуулийн талаар хэллээ. Намын гишүүн УИХ-ын гишүүн байх талаар хэдхэн дүгнэлт гаргасан. Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө олон улсын акт журмыг зөрчөөд бужигнуулсан. Цэц ийм байгаагүй. Тэгэхээр энэ бүхнийг өөрчилж, журамтай ажиллахыг хүсье. 
 
О.Баасанхүү: 
 
-Цэц бол үнэхээр улстөржсөн байгууллага болсон. Ер нь бол дарангуйлагч төрийг хариуцлага тооцох боломжгүй болоход дарангуйлагч төр болдог. Хатуухан хэлэхэд гэмт хэргийн шинжтэй хэрэг хийж байгааг иргэд хэлж байгаа. Гаргаад тавья гэхээр хууль байхгүй. 65 маань сайхан эвээ олоосой гээд залбираад суухаас өөр арга байхгүй. Үндсэн хуулийн цэц зөвхөн хууль дагах хэрэгтэй. Би цэцийн хуралд хоёр удаа суусан. УИХ дээр ярьсан үгийг хэлээд байдаг юм билээ. Хуулиа л дага л даа. Миний санааг зовоож байгаа зүйл бол ҮХЦ үнэхээр намын харьяаллаар яваад байдаг юм билээ. ҮХЦ Намбарын Энхбаярыг бичиг үсгийн боловсролгүй гэж дүгнэлт гаргаж байсан. Арай ч дээ. Үүнийг л хараад ард түмэн цэцэд итгэхээ больсон. Үндсэн хуулийн манаач юм бол үндсэн хуульдаа захирагдаач. Аргаа бараад хүмүүс Үндсэн хуулиа өөрчилье гээд байна. ҮХЦ өнөөдөр нэг гишүүн дутуу байгаа. Амарсанаа гишүүний орон тоо юу болсон бэ. Тоогоор ньт л байлга л даа. Төрөө бүтэн байлгаж, түмнээ ядуурлаас аваръя. Тиймээс энэ асуудал дээр анхаараарай. Д.Одбаяр танд хэлэхэд урьдчилаад дарга болаод хэрэггүй шүү. Гишүүн нь илүү нэр хүндтэй байдаг юм билээ. Ингээд сайн ажиллаарай. 
 
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох томъёоллоор санал хурааж, хуралд оролцсон нийт 50 гишүүний 48 нь дэмжиж, 96 хувийн саналаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. 
 
Харин П.Очирбатыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөх томъёоллоор санал хураахад хуралд оролцсон 51 гишүүний 44 нь дэмжиж, 86.4 хувийн саналаар түүнийг чөлөөллөө. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.