ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг улираан томиллоо

ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг улираан томиллоо
УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 10:45 цагт эхэлж, хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 
Энэ асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын О.Баасанхүү, Л.Болд нар Хүний эрхийн үндэсний комисс сайн ажиллахыг сануулаад хүний эрхийг дээдэлж ажиллаарай гэдгийг хэлсэн. 
 
О.Баасанхүү: 
 
-Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байна. Гэхдээ та цаашдаа зоригтой ажиллаарай. Өнөөдөр ард түмэн айдастай байна. Өглөө юу болохыг огт мэдэхгүй байна. Илтгэл тайлан чинь ядаж прагматик байх ёстой шүү.
 
 
Л.Болд:
 
-Ж.Бямбадорж даргыг бүгд мэднэ. Туршлагатай төрийн зүтгэлтэн, хуульч хүн. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулах тал дээр Хүний эрхийн комисс идэвхтэй хандаасай гэж хүч байна. НҮБ-ын Хүний эрхийн комиссын нэгээр Монгол Улс томилогдсон. Тиймээс хүний эрхийн тал дээр ойрын жилүүдэд шийдвэрлэх ач холбогдолтой ажиллах ёстой шүү. 
 
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнээр Ж.Бямбадоржийг улираан томилуулах асуудлыг хэлэлцээд хуралд оролцсон гишүүдийн 48 нь буюу 96 хувь нь дэмжсэн юм. 
 
 
Ж.Бямбадорж:
 
-Монгол төрийн энэ албан тушаалд итгэл үзүүлж, дахин томилсонд та бүхэнд талархахын сацуу үүргээ үргэжлүүлэн нэр төртэй ажиллана гэдгээ илэрхийлье. Хүний эрх бол хүн бүхний асуудал байдаг. Маш хэцүү, бас нэр төртэй алба. Тиймээс Монголд хүний эрхийг хангах талаар зүтгэж ажиллах болно.
 
Жамсрангийн Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байгаа юм. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.