Н.Номтойбаяр: Иргэд тэтгэвэр авдаг банкаа өөрсдөө сонгоно

Н.Номтойбаяр: Иргэд тэтгэвэр авдаг банкаа өөрсдөө сонгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадад Монголыг төлөөлөх Элчин сайд нарын нэрсийг хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсны зэрэгцээ Элэгний вирусын эмийн үнийг даатгалын сангаас хөнгөлөх, иргэд тэтгэвэр авдаг банкаа өөрсдөө сонгодог болох зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэе.  
 
Элэгний вирусын эмийн үнийг даатгалын сангаас хөнгөлөх нь 
 
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “ХНХЯ элэгний вирусын эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, төсвийн тодотголд дээрх ажилд шаардлагатай эх үүсвэр болох 23.4 тэрбум төгрөгийг нэмж тооцсон. Монгол Улсад энэ жилийн байдлаар элэгний С вирусын халдварын тархалт хүн амын 10 гаруй хувийг эзлээд байна. Манай улсын эмийн бүртгэлд элэгний С вирусыг эмчлэх “Харвони”, “Ледвир”, “Ледифос”, “Хепсинат-ЛП”, “Вирпас” зэрэг нэршилтэй эм бүртгэгдсэн бөгөөд зах зээлд 340-702 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар элэгний С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн дээрх эмийг ууж, үр дүнгийн шинжилгээнд хамрагдсан хариунаас үзэхэд 98.9 хувьд вирус тогтоогдоогүй байна.
 
Тиймээс дээрх эмийн жорыг элэгний эмгэгийг эмчлэх чиглэлээр бэлтгэгдсэн 100 гаруй эмч бичиж, 120 гаруй эмийн сангаар дамжуулан даатгуулагчдад хүргэнэ. Энэ хөнгөлөлтөд 30 мянган даатгуулагч 2016 ондоо хамрагдах боломжтойгоос гадна 2020 он гэхэд С вирусын голомтыг утсгаж, халдварт тархалтыг зогсоох, элэгний хорт хавдар, хатуурлаас үүдэлтэй нас баралтыг эрс бууруулах ач холбогдолтой юм” хэмээлээ. Түүнчлэн Н.Номтойбаяр сайд энэ удаагийн хурлаар “Иргэд тэтгэвэр авдаг банкаа өөрсдөө сонгодог болох тухай асуудал”-ыг танилцуулжээ. Энэ талаар тэрбээр “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат надад тэтгэвэр авагчид өөрсдөө тэтгэвэр авах банкаа сонгодог байх боломжийг бүрдүүл гэдэг үүрэг өгсөн.
 
Өнөөдөр манай улсад Эрүүл мэнд, даатгалын газраас тухайн тэтгэвэр авагчийн өмнөөс тэтгэвэр хүлээн авах банкийг нь сонгодог тогтолцоо үйлчилж байна. Үүнээс болж нийт тэтгэвэр авагчдын 95 орчим хувь нь “Төрийн банк” болон “Хаан банк”-аар үйлчүүлж байгаа юм. Мөн нийт тэтгэвэр авагчдын 40 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Нийслэлд өөр олон арилжааны банк бий.
 
Харин хөдөө, орон нутагт “Төрийн банк”, “Хаан банк” бүтэц сайтай байдаг. Тиймээс тэтгэвэр авч байгаа ахмадууд өөрсдөө банкаа сонгодог байх талаар Засгийн газарт танилцууллаа. Ингэснээр цаг хугацаа алдахгүй, зардал чирэгдэлгүй өөрт хамгийн ойр байрлах банкаар үйлчлүүлэх, улмаар банкууд үйлчилгээ, урсгал зардлын хувьд өрсөлдөх боломжтой болно. Мөн зээлийн хүү бууруулах ажлын эхний арга хэмжээ болно” гэсэн юм.
 
М.Энхсайхан Шведэд, С.Баяр Их Британид Элчин сайдаар сууна
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Вьетнам, Кувейт, Австри, Турк, Бельги, Чех, Болгар, Швед, Их Британи, Казакстан зэрэг улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгохдоо дипломат болон төрийн албанд олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан, мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй байхаас гадна тухайн орноо сайн мэддэг, түүх соёл уламжлалыг нь судалсан, тухайн улсын хэлийг сайтар эзэмшсэн байх зэрэг нөхцөл байдлыг сайтар судалж, нэрийг нь дэвшүүлсэн гэдгээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолсон юм.
...Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гарчээ. Дээрх  248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан аж... 
Тэгвэл гадаад улс оронд Элчин сайдаар суух хүмүүсийн дотор М.Энхсайхан, С.Баяр нар ч орж буй аж. Тодруулбал, Вьетнам улсад Д.Билэгдорж, Кувейт улсад З.Чинтүшиг, Австри улсад Г.Баттунгалаг, Турк улсад  Р.Болд, Бельги улсад О.Оч, Чех улсад Н.Наранбат, Болгар улсад Д.Батсайхан, Шведэд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад С.Баяр, Казахстан улсад Л.Баттулга нарыг Элчин сайдаар томилохоор дэмжсэн юм. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч Элчин сайдаар томилох хүмүүсийг дэмжиж, УИХ-д өргөн барьжээ. Дээрх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.
 
Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө
 
Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гарчээ. Дээрх  248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан аж.
 
2016 оны төсвийн тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэн, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулсан. Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан. Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албаны тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байгаа аж. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг юм. Энэ тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.
 
Засгийн газрын нөөц хөрөнгөөс баяр ёслолд зарцуулахыг хориглов
 
Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. 
 
Харин онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо.
 
Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруй төгрөгийг  зарцуулах шаардлагагүй болж байна. Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.