АН-ын ҮЗХ ердөө л их хурлын өмнөх бэлтгэл байлаа

АН-ын ҮЗХ ердөө л их хурлын өмнөх бэлтгэл байлаа
Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчний нэг болох АН өнгөрсөн дөрвөн жилд төрийн эрх барьсан. Энэ хугацаандаа чамгүй л ажил хийж, хэрэгжүүлсэн. Гэвч 2016 оны сонгуулиар ард түмэн тэдэнд дүнгээ тавьж, дахин төрд сонгосонгүй. Ёстой л далаараа цэвэр савуулаад л өнгөрлөө. Шалтгаан нь ердөө л тэдний эв нэгдэлгүй байдал, фракциудын толхилцоон нь байсан хэмээн олон хүн тайлбарлаж байгаа юм. Тийм ч байж магадгүй.
 
Өнөөдөр АН-ынхан шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байгаа. Нам гэж хэлэхэд хэцүүхэн, фракциудынхаа эрх ашгаас давж гарч чадахаа больсон. Сонгуулийн дараа ҮЗХ-гоо хуралдуулахаар хэд хэдэн удаа оролдоод чадаагүй. Тухай бүртээ өөр өөр шалтаг, шалтгаан хэлж байсан. Сүүлдээ орон нутгийн сонгуулийн өмнө хуралдаад яахав гэж шийдээд, хойшлуулсан хэмээн тайлбарлаад л өнгөрч байлаа. Энэ нам өнөөдөр сонгуульд ялагдуулсан даргаа ч сольж чадаагүй, өөх ч биш, булчирхай ч биш байдалтай л байгаа. 
 
Уг нь З.Энхболд сонгуулийн дараа намын даргын суудлаа өгч, хариуцлагаа хүлээнэ гэж байсан хэлсэндээ хүрээгүй. Сүүлдээ намын даргаасаа буухгүй байх ч санаатай талаар жив жув гэлцэх болсон. Ядаж байхад нэг нэгнээ хэмлэх ажлаа тэд болихгүй байна. Өчигдөр арай гэж ҮЗХ-ны хурлаа хийлээ. Гэхдээ хаалттай, тэгээд төрийн ордонд. Ерөөс жирийн гишүүд, дэмжигчид дайрч орж ирж болзошгүй гэсэн шалтгаанаар хурлаа Төрийн ордонд хийж байгаа юм гэсэн. Энэ өнцөг байгаа онож байж ч магадгүй.
...ҮЗХ-ны хуралд АН-ын томчууд оролцсонгүй. Намын даргаа өгнө гэсэн З.Энхболд, Ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлсэн Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд дурьдвал олон лидерүүд нь ирсэнгүй. Тэр ч утгаараа намын даргын асуудал болоод бас бус зүйлсийг ярилгүй өнгөрөхөөр шийдсэн...
Н.Тэгшбаяраас авахуулаад зарим нэг гишүүд сошиалаар “Залуучууд хаалганы гадна үлдлээ” гэх маягийн юм бичээд байсан. Дээрээс нь ҮЗХ-ны хуралд АН-ын томчууд оролцсонгүй. Намын даргаа өгнө гэсэн З.Энхболд, Ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлсэн Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд дурьдвал олон лидерүүд нь ирсэнгүй. Тэр ч утгаараа намын даргын асуудал болоод бас бус зүйлсийг ярилгүй өнгөрөхөөр шийдсэн. Харин сайн талаас нь харвал тэд эв нэгдлийг эрхэмлэхээр шийдсэн бололтой. 
 
Хаалттай хуралдана гэдэг нам доторх элдэв асуудал, явган хэрүүлээ бусдад дэлгэхгүй л гэсэн үг. Дээрээс нь “Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалцсан 15 гишүүнийхээ асуудлыг ярина гэж байсан ч больсон гэдгийг намын генсек асан Л.Эрхэмбаяр хэлсэн. Зүгээр яг хуралдахдаа ярьсан уу, үгүй юу, чөтгөр бүү мэд. Гэхдээ л нэгэнт өнгөрсөн тэр мэт асуудлыг ярихгүй байхаар шийдсэн нь тэд дотроо эвтэй байхыг эрхэмлэж эхэлжээ, овоо доо гэж бодохоор байна. Ер нь бол нэг их ардчилалын нэр барьж,  ашиг сонирхлоо ил илэрхийлж, хэрэлдээд байх нь ашиггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.
 
Бүр баталгаажсан. Тийм болохоор одоо МАН маягаар ажиллах цаг болсон байх. Тийм ч бодолтойгоор хурлаа хааж, гишүүдэд хариуцлага тооцно энэ тэр гэж дөвчигнөсөн асуудлаа больсон болов уу. Ер нь хурлын өмнө ирсэн нөлөө бүхий гишүүд  нь намын дотоод асуудлыг ярих цаг болсон л гэж байсан. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Өнөөдөр АН-ын хамгийн тулгамдсан зүйл  бол намын дотоод асуудал байна. Магадгүй жилийн дараа өөр асуудал ярьж болно. Өнөөдрийн хувьд АН-ын амин чухал асуудал бол намын дотоод ардчилал байна. 
...П.Цагаан “АН шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа эхлээд намын дүрмээ дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна” хэмээн ярьсан юм...
Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх арга зам юу вэ, энд үг хэлж, шүүмжилж байгаа хүмүүс энэ өнцгөөс нь хандаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрэм шинэчлэгдэх ёстой гээд нэг хувилбар гаргаж ирээд нийт гишүүдээрээ хэлэлцүүлээд, явуулбал болж байна” гэж хэлсэн. Тэгвэл П.Цагаан “АН шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа эхлээд намын дүрмээ дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна” хэмээн ярьсан юм. Ерөөс намын дүрмийг шинэчлэх, түүнийг дагадаг болох асуудлыг бүх хүн хөндөж байна.
 
Харин хаалттай хаалганы цаана хуралдсан ҮЗХ-ны хурал салаа замын уулзвар дээр ирчихээд байгаа АН-ын эвлэрлийн эхлэл болж чадав уу гэдэг нэг л асуулт гарч ирсэн. Ядаж байхад хамгийн их хагаралдаж байгаа томчууд нь хуралдаа ирсэнгүй. ҮЗХ-ны хурал өчигдөр өдөр 16:00 цагаас эхэлсэн. Хуралдаан эхэлсний дараа цөөнгүй гишүүн намын дарга болоод, 15 гишүүнийг хөөх асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж, нэлээд маргалдсан сураг гарсан. Гэвч эцэстээ намын их хурлыг зохион байгуулах болоод дүрмийн шинэчлэлийг л хэлэлцэхээр санал нэгдсэн юм. 
 
Улмаар орой 20:00 цаг орчмын үед  Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг баталж,  Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталснаар өндөрлөлөө. Энэ хурлаас АН-ын жирийн гишүүд дэмжигчид багагүй зүйлийг хүлээж байсан ч ердөө л Их хурлын өмнөх бэлтгэл төдий л байлаа. АН-ынхан өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийж, ҮЗХ-гоор хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөх юм байна.  Магадгүй зарим лидерүүд нь ирээгүй учир энэ удаадаа их зүйлийг нуршаад яахав гэж шийдсэн ч байж магадгүй. Салаа замын уулзвар дээр байгаа АН-ынхан нэг чигт зориглон хөдөлж чадах эсэхээ Их хурлаараа л шийдэх бололтой.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.