Н.Учрал: Хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах зэрэг бүхий л үйлдлүүдийг 60 хувь хязгаарлаж чадна

Н.Учрал: Хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах зэрэг бүхий л үйлдлүүдийг 60 хувь хязгаарлаж чадна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уншиж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтүүдээ тус Байнгын хороонд ирүүлсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт болон зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Харин Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэн, Улсын Их Хурлын гишүүн ГУянгахишигээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг нар ажиллажээ.

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэг бэлтгэхтэй холбоотой тусгайлсан танилцуулгыг бэлтгэж, Байнгын хороны хуралдаанд танилцуулсан бөгөөд Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраар хууль зүйн дүгнэлт гаргуулах, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авсан байна. Ингээд тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 12 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг санал дүгнэлтийн хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналыг татан авч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ч.Анар нарын гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа цахим бооцоо, түүний төлбөртэй хамаарал бүхий Улсын Их Хурлын гишүүн байгаа, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан цахим мөрийтэй тоглоомыг хориглох технологийн боломж бий эсэх болон улам нууц, далд хэлбэрт шилжүүлчих эрсдэл хэр байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа тоглоомын хохирогчдын судалгаа болон авилгын мөнгийг онлайн бооцоот тоглоомоор угааж буй ямар нөхцөл байдал тогтоогдсон тухай, зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд оногдуулдаг сарын 36.2 сая төгрөгийн онцгой албан татварын хураалтыг хэрхнэ нэмэгдүүлэх, өөрсдөө сайн дураараа цахим мөрийтэй тоглоом тоглож буй иргэдэд хууль хэрхэн үйлчлэх, мөрийтэй тоглоомыг хорьчихсон байсан хэрнээ яагаад цахим мөрийтэй тоглоомыг хориглоогүй байсан талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдын асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ашиг сонирхлын зөрчилтэй Улсын Их Хурлын гишүүн байвал санал хураалтад өөрийн саналаар оролцохгүй байх боломжтой гээд, хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах зэрэг бүхий л үйлдлүүдийг 60 хувь хязгаарлаж чадна гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол гишүүн энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана гэсэн заалт байгааг танилцуулж, одоогоор урьдчилсан мэдүүлсэн гишүүн байхгүй гэлээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван сүүлийн жилүүдэд криптовалюттай холбоотой гадаад гүйлгээний урсгал эрчтэй нэмэгдэж, 2021 онд цэвэр дүнгээрээ 120.0 сая ам.доллар байсан бол 2024 онд 578 сая ам.доллар, энэ оны эхний улиралд 87.0 сая ам.доллар болсныг танилцуулж, төв банкнаас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд тухайн гүйлгээг илгээж байгаа банкаар нь дамжуулан харилцагчийг таних хяналт зохицуулалт явуулж байна гэсэн юм. Гэхдээ мөрийтэй тоглоомын гүйлгээ, энгийн цахим гүйлгээг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгийг тэрбээр хэллээ.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тоон мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын ахлах референт н.Сүрэнхорол танилцуулж, Эрүүгийн хуулийн одоо тусгай ангийн 20.17 дугаар зүйл буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар нийт 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг цахим орчинд буюу орон зайн хамааралгүй онлайн тоглоом тоглож байгаа хүнд Монгол Улсын хууль тогтоомж үйлчлэх боломжгүй гэсэн тайлбар өгч, энэ хуулийн өөрчлөлтөөр тухайн тоглоомын сервер болон зохион байгуулалт нь гадаад улсад байгаа этгээдэд Монгол Улсаас мөнгө шилжүүлэхэд утасны дугаар, банкны данс ашиглуулах зэргээр дэмжлэг үзүүлж байгаа үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, энэ үйлдлүүдийг хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох замаар хязгаарлах асуудлыг зохицуулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтыг мөнхүү хойшлуулснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ