Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.
-Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд миний гэр бүлтэй холбоотой асуудал гарсан. Би ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай. Эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн. Гэхдээ би найз охиных нь гэр бүлтэй уулзаж, танилцаж амжаагүй явж байна. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ шүүмжлэл зөв зүйтэй зүйл гэдгийг хүүтэйгээ ярилцсан. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой, орлогоо нотлох ёстой. Гэхдээ хүү маань надад “Хүнтэй сүй тавих гэж байгаа, надад мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэдэг зүйлийг бол огт яриагүй. Хүүтэйгээ ярилцах завгүй явсан миний сул тал байхыг үгүйсгэхгүй. Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Орлогоо нотлох ёстой гэдгийг би хэлсэн. Анх удаагаа манай гэр бүлийн гишүүн буюу том хүүгийн маань тухай мэдээлэл гарч байна. Янз бүрийн юманд орооцолдов, хүний нүдэнд өртөв гэж хэтэрхий үглээд байсан маань буруу ч юм шиг байгаа юм. Яагаад гэвэл том болсон, насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст, нийгэмд танигдаад явах нь зөв зүйтэй зүйл байх. Миний ХОМ дээр та бүхэн мэдэж байгаа хоёр компани байдаг. Нэг нь “Херо” энтертаймэнтын 50 хувь, нөгөө нь “Хүлэг контент” гэдэг компани байдаг. Миний хүү багаасаа аялах дуртай. Монгол Улсдаа аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой. Нээлттэй зан чанартай, мөн студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой учраас “Hero” энтертайнменттай хамтарч ажилладаг. Яваандаа олон нийтэд бие хүнийхээ хувьд танигдах байх. Би эцэг хүний хувьд хувийн орон зайд нь халдахыг хүсдэггүй. Гэхдээ зарчмын хувьд хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч, хураалгах ёстой. Нийтийн зүгээс тавьж байгаа асуудлуудад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг бухимдуулах, талцуулах асуудал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна. Уучлал гуйж байна.
- Засгийн газраас Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан. Авлига аваад нотлогдвол 12 жилийн хорих ялтай болсон. Мөн төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол орлогыг нь улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төсөл УИХ-аас хэлэлцэгдээд батлагдчихвал яг ийм хардлага, сэрдлэгтэй холбоотой асуудлууд бүрэн шийдэгдэнэ. Гэр бүлийн гишүүд ХАОАТ-аа бүртгүүлдэг болно. Одоо бол ХОМ л бүртгэгдэж байгаа. Татвар нь ингээд бүртгэгдээд эхлэхээр датанууд илүү ойлгомжтой болно. Ингээд орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Үүн дээр олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. Ингээд АТГ болон хуулийн байгууллагууд хамтдаа бүх нийтээрээ шалгаж эргэлзээг тайлдаг болох юм. Нэгэнт ийм асуудал гарсан учраас миний хувьд бүх орлогоо хуулийн дагуу шалгуулна. Үүнийг олон нийтэд нээлттэй танилцуулахыг хуулийн байгууллагуудаас хүснэ. Өнөөдөр олон нийт энэ асуудлыг гаргаж тавьж шахаж шаардаж байгаа шигээ хууль бус орлогоо хураалгадаг болох хуулийг батлахыг шаардах хэрэгтэй. Ингэснээр хууль эрх зүйн хувьд Сингапуртай нэлээд төстэй болно гэсэн үг. Хүн бүхэн хуулийн дагуу орлого олох нь нээлттэй. Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Үүнийг хөрөнгө хураах хууль, нийгэмчлэх гэж байна гэдэг зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох гэж байгаа асуудал. Тэгэхээр би иргэддээ уриалж байна. Миний хувьд орлогоо нотолж чадахгүй асуудал байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ хуулийг харин батлахад дэмжлэг үзүүлээч, би манлайлъя.
-Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин бусад зүйлийн хувьд ааваа би холбоогүй гэсэн. Би хүүдээ итгэж байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаад, гаргаад ирэх байна. Би нэг зүйлийг ухамсарлаж яваа. “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Хөгжлийн банк”, Авлигын эсрэг хууль, Баялагийн сан, том төслүүд гээд олон асуудлууд өөрөө том эрх ашгийг хөндөж ирсэн. Хувь хүнийхээ хувьд би нэлээд олон хүнийг гомдоосон, олон хүний эрх ашгийг зөрчсөн ийм асуудлууд байна. Үүнийг би бүрэн ухамсарлаж ойлгож байгаа. Тийм ч учраас би аливаа асуудалд туйлын анхаарал болгоомжтой хандахаас өөр сонголт байхгүй. Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэж ч дууддаг. Миний хувьд бүх зүйл дээр болгоомжтой, хүлээцтэй хандаж ирсэн. Манай гэр бүлийн хувьд ч түүнийг харж авах шиг боллоо.
-Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой, 20 гаруй жил гацсан хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Үүнийг хүмүүс бараг анзаарсангүй өнгөрлөө. Хүмүүс нийгэмд болж байгаа үймээнд л анхаарах шиг боллоо. Бид хаа хаанаа хэрсүү байх цаг үе иржээ. Ийм байдлаар төслүүд гацдаг, ийм байдлаар эрх ашгуудын эрэмбэ алдагддаг асуудлууд байгаа. Гашуунсухайттай холбоотой асуудал дээр ингэх нь аргагүй. Би ойлгож байгаа. Тавантолгойн 51 хувийг нь Монголын компани, 49 хувийг Шинхуа компани авахаар хэлцэл хийсэн. Ийм гэрээ байсан. 10 жилийн өмнөх гэрээ шүү дээ. Энэ гэрээний талаар Шанхайд очиж уулзаад ерөнхийд нь компаниудыг энэ гэрээнээс гаргая гэсэн. Өөрөөр хэлбэл, заавал дундын компани байх шаардлагагүй. Хоёр Засгийн газар хоорондоо тохиръё гэсэн. Төрийн өмчийн хоёр компани хоорондоо гэрээ хийсэн. Ингээд та бүхэн санаж байгаа бол Шанхайд болсон уулзалтын орой улсын төсөв хоёрдугаар хэлэлцүүлгээс задарсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр ямар ямар хүмүүс ямар байдалтай,ямар байр суурь илэрхийлж байсан бэ гэдгийг та бүхэн эргээд бодоорой. Ингээд энэ асуудал яригдаж байгаад хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбинд очиж гэрээнд гарын үсэг зурсан. Тэр өдөр бас нэг харамсалтай хэрэг яг давхацсан. Угаартаж гэр бүлээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ асуудал дээр ирээд төвлөрч ажилласан. Гэтэл 10-аад хоногийг өмнө гарсан байсан хэрэг Харбины уулзалтаас нэг хоногийн өмнө гаргаж ирсэн. Энэ бүхэн яалт ч үгүй анхаарал хандуулах ёстой чухал асуудал. Өнөөдрийн надтай холбоотой асуудал нийгэмд анхаарал хандуулах ёстой асуудал. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ дахиад л тавдугаар сарын 14-н буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй дахиад нэг асуудал давхцалаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаач ээ гэж хэлмээр байна.
-Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсэж, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 93 (7590)