Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ирээдүйг ингэж тодорхойлов

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ирээдүйг ингэж тодорхойлов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсантай холбогдуулан хэрэгжиж эхэлж байна. Дөрвөн жилийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд багтааж дуусгах албан даалгаврыг сайд бүрд онцолж, өглөө. Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг эрэмбэлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, хамгийн түрүүнд энэ намрын чуулганаар Франц улсын "Орано Майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцыг УИХ-д мэдүүлэхээр боллоо. Албан даалгаврын тоолуур өчигдрөөс  гүйж эхэлж байна. Ингээд 100 хоногийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл албан даалгаврын хэрэгжилтийг олон нийтэд ил мэдээлэх ажээ.

2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилт ийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. Эдгээрээс 2025 онд

  • Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төсөлд 210 тэрбум,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум,
  • Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум,
  • Шинэ Зуунмод хотын дэд бүтэц 98.4 тэрбум,
  • Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж 80 тэрбум,
  • Налайх, Тэрэлжийн авто замын өргөтгөлд 66 тэрбум,
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд 202.4 тэрбум
  • Шинэ Хархорум хотын ТЭЗҮ зураг төсөлд 30.8 тэрбум
  • Төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум
  • Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.

Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана. Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна. Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна. Засгийн газрын тогтоолыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Хоолны мөнгийг ангийн багш хурааж авахгүй. Тухайн эцэг, эх аппликэйшнээр дамжуулж төрийн санд шууд төлбөрийг тушаадаг болно.

 

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ

“Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болголоо.Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44.1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662.3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574.2 сая төгрөг, дундаж зардал 41.0 сая төгрөг болсон байна. Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрд цаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна.

 

“Шинэ хоршоо Чинээлэг  малчин” арга хэмжээг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.