Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн үйлчлэх хүрээ гэсэн 3 дугаар зүйлд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн 3.1.1 -д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” I зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” II зэргийн одонг олгож байгаа бөгөөд ингэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгож байгааг дурдав.
Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “алдарт эх”-ийн одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. Дээр дурдсан үндэслэл шаардлагын дагуу уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар, түүнчлэн холбогдох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Тэрбээр, хууль санаачлагчаас эхчүүдийг алдарт эхийн одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар болон хуулийн хэрэгжих хугацааны талаарх зохицуулалтыг тусган төслийг боловсруулсныг дурдаад уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувиар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, иргэдтэй уулзахад олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн талаар ихээхэн хөндөж ярьдаг бөгөөд Монгол Улсын хүн амыг өсгөх төрийн бодлоготой уялдаж байгаа тул төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Монгол Улсад хүүхдээ цаг бусаар, өвчнөөр алдсан үрчилж авсан гээд хүн амаа өсгөх гээд зүтгэж буй ээжүүдтэй холбоотой хуулийн алдааг засаж буйд олон зуун ээжүүдийн өмнөөс талархлаа илэрхийлье гэж байлаа.
Ингээд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.