Хүүхдийнхээ цахим орчин, хэрэглээнд анхааръя

Хүүхдийнхээ цахим орчин, хэрэглээнд анхааръя

Цагдаадгийн байгууллагаас сүүлийн үед  эцэг, эх асран хамгаалагч нарт хүүхдэдээ анхаарал хандуулах талаар чамгүй мэдээлэл өгч байгаа. Учир нь цахим халдлага, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай  болжээ.   Иймд эцэг,  эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх, анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулсаар.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд /13 нас,эм/ вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад  утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага, мэдээлэл  гуравдугаар сарын 07-нд бүртгэгдсэн байна.  Ингээд цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж  хүүхдийг 10:30 цагт олжээ. Тэрбээр цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.  

Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй аж.

Иймд

-Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,

-Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессеж чат бичиж байгааг хянах,

-Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,

-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

-Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй хэмээн анхааруулав.

Өнөөдөр айл өрх бүрт л “Хүүхдээ утаснаас салахгүй юм”  гэсэн асуудал тасрахгүй байгаагаа бид ярьдаг. Тэгээд “Манайд ч бас тийм хүүхдүүд бий” гээд хээв нэг өнгөрдөг нь харамсалтай.  Тэгэхээр цахим орчинд хүүхэд хамгааллыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тайланд хүн амын 99.7 хувь нь гар утасны хэрэглэгч, интернэт ашиглалт 61 хувь, сошиал медиа хэрэглэгч 78.7 хувь, кибер аюулгүй байдлын индекс 46.5 хувьтай байна гэсэн байгаа юм. ITU Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж байгаа дундаж цаг 231 минут байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр дээр дурдсан сэрэмжлүүлэг мэдээ шиг хэрэг дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн цахим орчин, хэрэглээнд хяналт тавих, тэдэнтэй ярилцаж байх нь чухал болоод байна.

Хүүхдүүд цахим хадлагад өртөг гол шалтгаан нь тэд хувийн мэдээллээ нууцлах ёстойг ойлгоогүйд байдаг. Манай улсын дөрвөн  хүүхэд тутамын нэг нь  интернет хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн болон хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулсан судалгаа бий. Тэгэхээр хүүхдүүдэд цахим халдлагаас өөрийгөө хамгаалах мэдлэгийг түгээх, мөн хамгаалагдах орчинг бий болгох шаардлага гарч байна. СЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй нийт хүүхдийн 82,3 хувь нь  хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй хүүхдүүд байсан байна. Тиймээс нийт эцэг, эхчүүд, асран хамгаалагчиддаа хандаж үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүмүүжил, боловсролд нь анхаарахыг уриалж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 11. Даваа. №021 (5939)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ