Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгохоор болсон. Мөн Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар хүний эрх, жендэрийн томоохон ахиц дэвшил гарснаас гадна жил бүр шүүмжлэл дагуулдаг нам, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах зохицуулалтыг тусгасан гэгдээд буй. Хууль хэлэлцэх үед сонгуулийн зардлын бараг талыг нь таналаа гэсэн эсэргүүцлийг парламентын гишүүд илэрхийлж байв. Тэгвэл Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Ингэхдээ нам, эвсэл 2020 онд 5.9 тэрбум төгрөгөөр нэр дэвшигчдээ сурталчилдаг байсан бол 2024 онд 6.4 тэрбум төгрөг боллоо. Өөрөөр хэлбэл, намууд 76 нэр дэвшигчийг 5.9 тэрбумаар сурталчилдаг байсан бол 126-д 6.4 тэрбумыг зарцуулах нь.
Харин тойргуудын хувьд ихээхэн онцлогтой. Энэ жил томсгосон тойргоор сонгууль явуулна. Өмнө нь дангаараа байсан 3-4 аймаг нийлээд нэг тойрог болж буй юм. Аудитаас тогтоосон сонгуулийн зардлын хувьд дөрвөн жилийн өмнөхөөс нэг их хөдөлсөнгүй. 2020 онд нэг тойрогт 300-500 сая байсан бол энэ жил 3-4 аймаг нийлээд 1.2 тэрбум болж байх жишээтэй. Тухайлбал, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг нийлээд дөрвөн жилийн өмнө 1.5 тэрбумын зардал гаргахаар байсан бол энэ жил мөн л 1.5 тэрбум байхаар “барьсан” нь зардлын хэмжээ бараг өөрчлөгдсөнгүй. Нийт дүнгээр нь харвал 2020 онд 29 тойрогт 13.7 тэрбум байсан бол энэ онд 13 тойрогт 14.7 тэрбум болжээ. Эндээс нэг зүйлийг анзаарвал 2020 онд АИ-92 шатахууны үнэ 1800 төгрөг байсан бол одоо 2390 болж өссөн. Ам.доллар 2738 төгрөгөөс 3381 болсон. Үүн дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад хэд дахин нугаларсан. Ингэж зах зээлийн “нүд”-ээр харвал сонгуулийн зардал хэд дахин нэмэгдэхээр байв. Гэтэл сонгуулийн “үнэ” бага зэрэг л хөдөлжээ. Үүнийг албаны хүмүүс сонгуулийн зардлыг бууруулах шинэчлэлийн үр дүн гэж тайлбарлаж буй.
УИХ-ын сонгуулийн хуульд зардал бууруулах хэд хэдэн хөшүүрэг оруулж иржээ. Үүний ганцхан жишээ нь нэр дэвшигчдийн самбар. Шинэ зохицуулалтаар суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх самбар байрлуулна. Ингэхдээ бүх нэр дэвшигч нэгдсэн самбар дээр зураг байршуулна. Урт нь 2.4, өргөн нь метр гаруй самбар хийхэд хоёр сая төгрөгөөс дээш зардал гарахгүй гэж тооцжээ. Өмнөх сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшихэд дунджаар 35-40 мянган ширхэг самбар байршуулдаг. Тэр хэрээр зардал өснө. Харин одоо бол нэр дэвшигчээс самбартай холбоотой зардал гарахгүй. ЗДТГ нэгдсэн самбар байршуулна. Нэр дэвшигч А4 бичгийн цаасыг хоёр нийлүүлсэн хэмжээтэй зураг өөрт оногдсон дугаартаа наана гэсэн үг. Зургийг хэт олон солих боломжгүй. Дөрвөн удаа солилоо гэхэд дор хаяж жижиг боршур тараах эрхгүй болно. Ерөнхийд нь харвал зурагт самбарын тоо 93 хувь буурна гэсэн тооцооллыг хийжээ. Үүн дээр ухуулагч, уулзалт, сонин хэвлэлийн зардлыг ч мөн бууруулсан байна.
Үндэсний Аудитын газраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. Харин 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)