Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт салбарынхаа төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож байна. Мөн иргэний нисэхийн салбарынхантай уулзахаас гадна төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзаж, харилцан санал солилцлоо. Энэхүү уулзалтад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг УБТЗ ХНН, МТЗ ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв болон Болд төмөр ерөө гол зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөл хамрагджээ.
Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдөж буй юм.
Уулзалтын үеэр салбарын сайд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай явагдаж ирсэнийг нуусангүй. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачаа, тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон төмөр замуудын нэг болох Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр харах болсон талаар уулзалтын эхэнд онцоллоо.
Тиймээс ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас өөрийн орны төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөрш орнуудын төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт нэгдэн орж, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах боломжийг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд төмөр замын тээврийн коридорын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах шаардлага урган гарч байгааг ч хэлж байв.
Түүнчлэн УБТЗ-ын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг багасгах, тарифын уян хатан бодлогыг боловсруулах, хөрш орнуудын техникийн хөгжилтэй зэрэгцэн алхах боломжийг бий болгохын тулд техник, технологийн дэвшилтэт шинэчлэлийг нэвтрүүлэх, шинэ санаачлагыг хөхүүлэн дэмжих, түүнтэй зэрэгцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, чадавхижуулах зэрэг чиглэлд анхаарах шаардлагатай байгаа аж.
Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шинээр байгуулагдсан Засгийн газрын 100 хоногийн хугацаанд төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хийсэн зарим ажлуудыг танилцуулсан юм.
Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа Бүс нутгийн тээвэр, логистикийн төвийг хөгжүүлэх төсөлд шаардлагатай төмөр зам, барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газраар шийдвэрлүүлжээ.
Энэхүү логистикийн төвийн барилгын ажлыг 2019 онд дуусгахаар төлөвлөжээ.Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн тээврийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалтыг 11 дүгээр сард эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төсөл, Хөөтийн уурхайгаас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх зэрэг олон ажлууд биеллээ олж буй талаар сайд Д.Ганбат онцоллоо.
Тэрээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмөр замын тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, 2017 онд Хөөт-Бичигт чиглэлийн 222 км төмөр замын, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын 13 км төмөр замын, Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж 2020 онд барилгын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгааг дуулгав. Мөн Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэн 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
Төмөр замын тээврийн салбарт дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Монгол Улсын дотоодын төмөр замын сүлжээний урт 1200 орчим км-ээр нэмэгдэх юм. Үүний үр дүнд Монгол Улсын дэд бүтцийн өрсөлдөх чадвар дээшилж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн зардал буурах, уурхайн олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарынхан хэлж байлаа. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэх, тээвэр, логистикийн сүлжээний үйлчилгээ, хүртээмж сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн өндөр өгөөжийг бий болгох ач холбогдолтой юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.