Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга А.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.04.30/ хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин, бэхжиж буйг талууд онцлон тэмдэглэв.
Ялангуяа, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайд дурдаад Монгол Улс банкны салбарын шинэчлэлийг эхлүүлэх эрх зүйн нээлттэй орчин бүрдүүлэхээр зорьж буйг тэмдэглэн, Япон улсын банкууд Монголын зах зээлийг сонирхож, хамтран ажиллахад нээлттэй гэдгийг хэллээ.
Мөн хоёр улсын хөгжлийн бодлогыг ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн нийтлэг үнэд зүйлсийг харгалзан уялдуулж, технологийн дэвшил, хиймэл оюуны боломж, ногоон хөгжлийн шийдэл зэрэг шинэ агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад талууд санал нэгдэв.
Хурдацтай хөгжиж буй технологийн салбарын хүний нөөцийг бэлдэхэд Япон улс Монгол Улстай хамтран ажиллах боломж бий гэдгийг ноён А.Такэбэ илэрхийллээ.
Мөн талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төсөл, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, хоёр ард түмний нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн агуулгаар санал солилцов.