ЭМЯ: Иргэний эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлэхэд эрүүл мэндийн боловсрол чухал

ЭМЯ: Иргэний эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлэхэд эрүүл мэндийн боловсрол чухал

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд Иргэн эрүүл мэндээ хамгаалах асуудлыг үүрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж заасны дагуу ЭМЯ-наас иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч үндэсний хэмжээнд төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ажиллах бодлого барьж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгадаа ДЭМБ-аас аливаа хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэлд тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15, удамшлын хүчин зүйлээс 5.0 хувь нь хамаардаг болохыг тогтоосныг онцлоод “Нийгмийг илүү хүртээмжтэй, эрх тэгш, амар амгалан болгоход иргэний эрүүл мэндийн боловсрол нэн чухал үүрэгтэй бөгөөд энэ нь эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэж, нийгмийн өөрчлөлтийг салбар бүрээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тодорхойлж, салбар бүрт хүн төвтэй, хүнд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн, эрүүл мэндийг хамгаалах орчин бүрдүүлэхийг чухалчилдаг.

ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэж зөвлөдөг.

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс нас барсан насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаантай. Халдварт бус өвчний гол шалтгаан нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татаж байна.

Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих,  эрүүл мэндийн боловсрол олгох талаар төрөөс олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаж, ажил, амьдралдаа эрүүл зөв дадлыг хэвшүүлсэн хүн ердөө 6 орчим хувийг эзэлж буй нь нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.

Иймд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангах, соён гэгээрүүлэх ажлыг салбар, байгууллага бүр тогтмол, системтэйгээр, оновчтой явуулах механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.  

Засгийн газрын хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний 2024-2027 оны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг дэмжиж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоог хангахад ЭМЯ БШУЯ, БХЯ, ХНХЯ болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо зэрэг байгууллага  хамтран ажиллахыг анхаарууллаа.    

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ