Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс шаардах боломжгүй

Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс  шаардах боломжгүй

Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.

 

-Та олон жил шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны гишүүнээр ажилласан. Өнөөдөр шүүх, шүүгчийн нэр хүнд унаж олон нийтийн итгэл буурсныг хэрхэн дүгнэдэг вэ?

-Би хуульч мэргэжил эзэмшиж шүүгчийн албанаас хөдөлмөрийн гараагаа эхэлж энэ салбарт олон жил ажиллалаа. 1995 онд Төрийн албаны зөвлөлийг анх байгуулагдахад ч шүүх засаглалыг төлөөлж тус зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд 14 жил шахам ажилласан. Тиймээс шүүхийн хөгжлийн 50 гаруй жилийн түүхийг гадарлана. Төрийн хэрэгт тасралтгүй зүтгэж байгаад тэтгэврээ тогтоолгосон боловч зүгээр суулгүй “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллага  ажиллуулж байна.

1992 оноос мөрдөгдсөн дөрөв дэх удаагийн Үндсэн хуулиар Монгол оронд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилт дэвшүүлж  шүүх засаглалыг төрийн эрх мэдлийн нэг гол багана байхаар зохицуулсан юм. Үндсэн хуулийн 19-р зүйлд “Иргэнийхээ нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгааг хангаж хөндөгдсөн эрхийг төр нөхөн сэргээнэ” гэсэн байгаа. Үүнийг ойлгомжтой энгийнээр илэрхийлбэл төрийн бодлого шийдвэрийг /хууль/ Улсын Их Хурал баталж түүнийг Засгийн газар хэрэгжүүлж энэ явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдвөл шүүх хамгаална гэсэн үг юм.Үүнийг Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт улам баталгаажуулж  Шүүх хэний ч нөлөөнд автагдахгүй, бие дааж хараат бусаар ажиллан гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улс төрийн нам, тэдгээрийн албан тушаалтан хэн боловч шүүх, шүүгчид нөлөөлөхгүй. Шүүх зөвхөн хуулиар байгуулагдаж гагцхүү шүүн таслах ажиллагаа эрхэлнэ гэж хуульчилсан болохоор иргэд шударга ёсыг шүүхээс шаардаж бухимдлаа илэрхийлж байгаа нь аргагүй шүү дээ.

 -Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүрэгтэй шүүх байгууллагын үйл ажиллагаа шударга ёсыг хангаж чадахгүй байгаа гэдэгтэй та санал нэг байгаа юм байна. Тэгвэл учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Үнэхээр л шүүх шударга ажиллаж байж нийгэмд шударга ёс тогтоно. Үндсэн хуулийн Цэц шударга ажиллаж чадвал төр тогтвортой байх учиртай. Гэтэл аль алиных нь үйл ажиллагаа ард түмний сэтгэл ханамжид нийцэхгүй байгаа тул хүмүүсийн төрд итгэх итгэл алдарч харин эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүс бүхнийг атгачихаад байна. Шүүх засаглал гэж зөвхөн шүүхийг хэлэхгүй шүү дээ. Авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаа, шүүх, өмгөөлөх байгууллагуудын үйл ажиллагааны эцсийн үр дүн шүүхийн нэрээр гардгаас хүмүүс буруутнаар нь шүүхийг тодруулах гээд байдаг юм.

Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой иргэний хэрэгт хэд хэдэн шүүгч холбогдож шүүхийн нэр хүнд унасан. Бас зарим шүүгчдийг хэлмэгдүүлж хохироосон тал ч бий байх. Энэ цагаас хойш шүүх рүү дайрах, элдэв цуурхал, гүтгэлэг газар авсан л даа. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг нь энэ шүү дээ. Түүнээс биш шүүх үл бүтэх хүмүүсээр дүүрсэн юм биш ээ.

С.Зориг агсны амь насанд халдсан гэх хэрэгт хилсээр шийдэгдсэн хүмүүсийг шүүх биш цагдаа, тагнуул, прокурорын байгууллагууд шалгаж эрүүдэн шүүх замаар хууль бус нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон биз дээ. Гэтэл үүнийг шүүх хэлмэгдүүлсэн гэх ойлголт нийгмийн сэтгэл зүйд суусан л байгаа. Эрүүгийн болон Зөрчлийн хэргүүдээс бусад иргэний, захиргааны хэрэг маргааныг харин зөвхөн шүүх шийдвэрлэдэг учир энд хууль ёсыг чанд баримталж иргэддээ шударга үйлчилж байгааг эсэхийг шүүх бүрэн хариуцах ёстой. Иймд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын ажлын алдааг ялгаж дүгнэх шаардлагатай. Ер нь шүүх засаглалын нэр хүндийг унагаж байгаа олон хүчин зүйл бий. 

-Та мэдээж баримтад тулгуурлаж ярьж байгаа байх. Бодит жишээ хэлэхгүй юу. Тэгэхгүй бол шүүхийг хэтэрхий их хамгаалж байгаа мэт сонсогдож байна?

-Миний хувьд шүүмжилж буруутгах асуудлаар шүүхүүдэд нээлттэй ярьж сурсан хүн. Энэ удаа шүүхийн төлөө би дуугарахгүй юм бол хүн болгон бас над шиг яриад байх бололцоогүй. Шүүхийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг хамгаалж тайлбар хэлэх эрх нь хумигдсан байдаг юм. Хуулиараа ийм. Үндсэн хуулиар зохицуулагдсан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд “Шүүхийн шинэчлэлийн тухай” багц хуулийг баталсан. Эдгээр хуулиудыг өөрсдийнхөө таалалд нийцүүлж шүүхийг хяналтдаа барихын тулд хууль санаачлагчид шүүхийн бүх шатанд бүлэглэл, хуйвалдаан бий гэх мэт цуурхал тарааж үүнийг засаж залруулна гэж сурталчилж байгаад шүүхийг самарч эхэлсэн. Үр дүнд нь Улсын дээд шүүхийн 25 шүүгчийг сонгон шалгаруулж томилоход парламентад суудалтай намын олонхын бүлэг,  байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хүртэл хэлэлцдэг болгож шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Ерөнхийлөгч зэрэг олон шатны удирдлагатай болгож  хяналтад оруулснаар хууль тогтоогчид шинэчлэл хийсэн хэмээгдэж харин шүүхийн нэр хүнд унаж түмний шүүмжлэлийн бай болсон.

Одоогоор манай улсад 800 гаруй хууль үйлчилж 6000 гаруй эрх зүйн дүрэм, журам мөрдөгддөг гэсэн судалгаа байдаг. Эдгээр хууль тогтоомжоос  үүдэлтэй хэрэг маргааныг 540 гаруй шүүгч хянан шийдвэрлэж байгаа. Иймд ачаалал нь хэтэрсэн гэдэг үнэн л дээ. Төр засаг маань ч шүүгч нарын орон тоог нэмэхийн оронд шүүн таслах ажиллагаанд огт оролцдоггүй захиргааны албыг данхайлгаад байх юм. Өөрөөр хэлбэл, ачааг нь шүүгч үүрч, ам хэлэнд нь тэд өртөж аахилахыг нь захиргааны албан хаагчид хийдэг боллоо. Шүүх засаглал нь бэхжиж шударга ёс тогтсон улс орнуудад улсын төсвийн орлогын хоёроос доошгүй хувийг шүүхдээ хуваарилж, харилцан хяналт тэнцвэртэй бие даасан засаглал болсон байдаг гэсэн.

-Тэгвэл шүүхийн шинэчлэлийг хэрхэн хийх ёстой вэ. Шинэчлэлийн эхэн үед гар бие оролцож явсан хүний хувьд  санаа оноогоо уралдуулж суудаг байх?

-Миний хувьд шүүхийг шинэчлэх үйлсэд хүчин зүтгэж санал бодлоо байнга чилээж явдаг нэгэн. Тийм учраас шүүхийн байгууллагад гарсан ахиц дэвшлийг хараад бахархдаг. Намайг шүүхэд ажиллаж байх үеийн нөхцөл, баталгаа, хангамж өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай байгаа. 1993-1995 онуудад Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхад есөн шүүгчтэй, тогтоол гүйцэтгэгч (тэр үед шүүхтэй нэг бүтцэд байсан) зарлага, жижүүр, үйлчлэгч гээд 20 гаруй орон тоотой. Би сарын 834 төгрөгийн цалинтай, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг бүгдийг нь  шийдвэрлэдэг, дүүргийнхээ өргөтгөлийн барилгын хэдхэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Шүүх их олон талт үүрэг гүйцэтгэж хорихоос өөр ялтай хүмүүс, Олон нийтийн шүүх, Ардын төлөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллага хүмүүст хүрч ажиллан, хууль сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн шаардлагатай бусад үүрэг даалгаврыг биелүүлж өндөр ачаалалтай ажилладаг байлаа. Өнөө үеийн шүүгч техник хэрэгслээр бүрэн хангагдсан, тохилог өрөө тасалгаатай, туслах шүүгч, нарийн бичгийн дарга зэрэг ажлын багтай, өндөр цалин хангамжтай байгаа зэрэг нь шүүх хөгжлийн өөр түвшинд хүрсний баталгаа мөн. Тааламжтай үгийг хэлж  магтахын оронд хэрэгцээтэй үгийг хэлж дэмжлэг үзүүлэх нь ач тустай гэж бодоод үгээ хэлж байгаа юм.

 -Ер нь хуульч тэр тусмаа шүүгч хүний ажил албан тушаал нийгэмд хэр зэрэг үнэлэмжтэй байх ёстой юм бэ? 

-Хуульч мэргэжилтэй хүн бол аливаа асуудалд эрх зүйн талаас нь дүгнэлт хийх сэтгэлгээ, нэгтгэн дүгнэх задлан шинжлэх харьцуулан судлах чадвар бүхий,өргөн мэдлэг, өндөр боловсролтой, хууль нь заавал биелэж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Хүнлэг сэтгэлтэй, амьдралын туршлагатай, шудрага шулуун зан чанар эзэмшсэн байх ёстой. Түүнчлэн нийгмийн гишүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд улстөрчдийн бусармаг үйлдлийн эсрэг ямар ч эрсдэл хүлээхээс айлгүй хамгаалах чин эрмэлзэлтэй ажиллаж амьдрах үүрэгтэй хүмүүс.  Шүүгч эрх зүйч мэргэжлээр бакалавраас доошгүй түвшний боловсрол эзэмшиж хоёроос доошгүй жил туслах албан тушаалд ажиллаж байж хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэний эцэст шүүгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж энэ албыг хаших эрхтэй болдог. Ийнхүү өндөр босго давж байж нийгмийг эрүүлжүүлэх нэр хүндтэй албанд зүтгэнэ дээ. Төрд алба хашдаг олон ажил, мэргэжил дотроос гагцхүү шүүгчид тавих шалгуурыг Үндсэн хуулиар тодорхойлж шаардлага хангасан хүн нь Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог онцгой албан тушаалтан юм.

Төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэдэг үг бий. Шударга ёс хэмээх шалгууртай төрийн зүрхийг нь хэвийн ажиллуулах үүрэг шүүх, шүүгчид л бий. Энэ үүднээс төрийн эрх мэдлийг хуваарилах хүрээнд шүүх засаглал гэж нэрлэн Улсын Их Хурал, Засгийн газартай харилцан хяналт тэнцэлтэй байх тогтолцоог бүрдүүлсэн юм. Харамсалтай нь хууль тогтоогчид эрх мэдлээрээ бярдаж 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн 48, 49-р зүйлүүдээр баталгаажсан эрхийг нь хөндөж байгаад шүүхийн тухай багц хуулиар шүүх засаглалд хяналтаа тогтоогоод авсан. Уг нь 2010 онд батлагдсан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд” ... хууль санаачлах эрх бүхий субьектуудэд шүүх засаглалын эрх мэдлийг хязгаарласан төсөл өргөн барихыг хориглосон байдаг. Харин манай эрх баригчид бид хуулийн засаглал доор амьдардаг гэж ярьцгаадаг ч өөрсдийгөө хууль гэж бодчихсон хүмүүс байдаг болохоор аль унацтайгаас нь эхэлж санаанд орсон сэдвээрээ хуульчлах гэж оролдоод байдаг юм. Захаас нь дурдахад Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын татварын тухай, Төрийн албаны тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай зэрэг хуулиудаас нэрлэж болно. Хамгийн сүүлийн жишээ буюу Хөгжлийн банкны хэрэг, түүнийг тойрсон асуудлыг аваад үзье. Улс орны эдийн засгийг сэргээх зорилготой гэх үндэслэлээр хуулийг нь батлаж Засгийн газрын шийдвэрээр удирдлагуудыг нь томилж богинохон хугацаанд ажиллуулсан ч дампуурахын даваанд хүрч байхад нь энэ хэрэг сэдэрлээ. Уг банкны мөнгөнөөс ядарсан түмэнд юу ч наалдсангүй, эсрэгээрээ дарга, дээдсүүд хөрөнгө чинээтэй гэж баярхдаг хүмүүсийн гараар үрэгдэж дуусжээ. Мөн боловсрол, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тариалан эрхлэгчид, хөдөлмөр халамж зэрэг 20 гаруй сангийн мөнгийг эд нар л хувааж идсэн байна шүү дээ. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд эрх бүхий байгууллага албан тушаалтнууд урьдаас зориуд төлөвлөж хууль тогтоомж гаргах замаар зохион байгуулалттайгаар газрын баялаг татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон байна. Хяналтгүй, хариуцлагын тогтолцоогүй,албан тушаалаараа хөрөнгө хийж амьдардаг төр засагтай болсны балаг энэ л дээ.Энэ хүмүүст хамгаалалт хэрэгтэй тул хуулийн байгууллагад хяналтаа тогтоох шаардлага гардаг байх. УИХ-ын хяналт шалгалтын түр хорооны сонсгол нэрээр 250 гаруй хүнийг Төрийн ордонд цуглуулж байгаад бүтэн гурван сар хуралдсан АТГ, прокурорын байгууллага энэ хэргийг олон сар шалгасны эцэст дөрвөн байгууллага 80 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлснээр  50 гаруй  хоног хянан хэлэлцэж эцсийн шийдвэр нь гарч байх шиг байна.Энэ үйл ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэх нэрээр УИХ-ын түр хороо хөндлөнгөөс оролцсон нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг орлох цаашилбал ямар бяртайгаа харуулах гэсэн дарамт шүү дээ.Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу цагдаа, АТГ, прокурорын байгуллага хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж шалгаад шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байтал хууль тогтоогчид нотлох баримт бүрдүүлэх нэрээр оролцож байгаа нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг чирэгдүүлэн хугацаа алдуулж,хэргийн нотлох баримтыг үрэгдүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулах, гэм буруутай этгээдүүдийг үгсэн хуйвалдуулах зэрэг сөрөг үр дагавартайгаас гадна шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого юм. УИХ хууль тогтоох бүрэн эрхтэй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болохоос биш тодорхой эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь үндсэн үйл ажиллагаатай нь нийцэхгүй. Бүрдүүлсэн нотлох баримт нь ч дан яллах талыг барьсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онц ач холбогдолгүй. Ингэж нийтийг хоморголон ял хариуцлага тооцуулах гэсэн оролдлого нь 2008 оны долдугаар сарын 01-ны жагсаал цуглаанд оролцсон 270 гаруй иргэнийг хоморголон шийтгэх гэсэнтэй адил үр дагаварт хүргэж хилсдүүлэлт, хэлмэгдүүлэлт л болно.

-Хөгжлийн банкны шүүх хурал өндөрлөж 48 хүнийг буюу 60 шахам хувийг нь хэрэгсэхгүй болгож үлдсэн 32 хүнийг нь гэм буруутайд тооцохоор боллоо.  Мөн нүүрсний хэргийн холбогдолтой сонсголыг УИХ-ын түр хороо мөд хэлэлцэхгүй юм шиг ?

 -Хөгжлийн банкинд холбогдолтой шүүх хурлын явц үр дүнд хүмүүс янз янзын өнцгөөс хандах байх.Хэргийг шалгасан хүмүүс УИХ-ын түр хороогоор хэлэлцсэн гишүүд дүгнэлт гаргасан шинжээчид, нийгэмд тархсан дуулиан шуугианд үг хошуу нэмэрлэдэг улсууд шүүх рүү асаж давшлах биз. Хүний хувь заяаг шийдвэрлэж байгаагаа ухаарч шударга ёсны талд зогсож чаддаг хүмүүс бол энэ  хэрэгт хүн бүрийн оролцоо, үйлдэл, хохирол төлбөрийн хэмжээ түүнийг барагдуулсан байдал, зээлийн зарцуулалт,хөндлөнгийн нөлөөлөл, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүх ялгамжтай хандаж байгааг ойлгоно. Эдгээр шүүгдэгчид банк дээрэмдээгүй, мөнгө хулгай хийгээгүй харин ч иргэний гэрээ хэлцлийн дагуу зээл авсан байгаа. Энэ тохиолдолд ажлыг нь хийж цалинг нь авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны байгууллагын албан хаагчид,үйл ажиллагааг нь буруу зохицуулж чиглүүлсэн шийдвэр гаргах түвшиний хүмүүс авлига хээл хахууль өгч авалцсан хүмүүстэй нь хариуцлага тооцох үндэслэлтэй. Зээлээ төлсөн гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс болон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй этгээдүүдийг ял шийтгэвэл хэлмэгдүүлэлт л болно шүү дээ. Мөн иргэд энэ хэргийг шийдэж байгаа шүүгч нарын үйл ажиллагаа хүнд хэцүү болохыг ч анхаарсан  байх. Ажил амьдралын туршлагатай оюун ухааны өндөр түвшинд хүрсэн хэнд ч жижигдэхээргүй чадвар эзэмшсэн 80 гаруй хүнд холбогдох олон мянган хуудас хэргийн материалыг уншиж судлаад ийм олон өдөр хянан шийдвэрлэж зөв бурууг дэнслэнэ гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш ээ. Харин нүүрсчдийн асуудлыг УИХ-ын түр хороогоор хэлэлцэхийг хойшлуулах талаар тавьсан АТГ-ын хүсэлт бол үндэслэлтэй байна. Төрийн хуулийн үйлчилгээ чирэгдэлгүй шуурхай хууль ёсонд чанд захирагдаж явах нь ажлын эрх ашиг төрийн нэр хүнд, шударга ёсонд нийцэх ёстой.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ