Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тогтоол баталлаа. Энэ хүрээнд "5 Ш" ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.
1. Шүгэл ажиллагаагаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар батлуулах, шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах.
2. Шүүр ажиллагаагаар улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцлийг бүрдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах.
3. Шувуу ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх,хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
4. Шилжүүлэн авах ажиллагаагаар оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
5. Шил ажиллагаагаар цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхийг дэмжинэ гэжээ.
Авлигатай тэмцэх "5 Ш" арга хэмжээг хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож, ДНБ-ийг 55 орчим их наяд төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамд тооцоо, судалгаа гаргаж өгчээ.
Авлигатай тэмцэх "Таван Ш" арга хэмжээтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нь юу байсан бэ?
-Улс орнуудын туршлага, авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн хөтөлбөр, зорилтуудыг Авлигатай тэмцсэн улс орны тэргүүн туршлага, хөтөлбөр зорилгуудыг судалсны үндсэн дээр “Авлигатай тэмцэх жил”-ийн тогтоолыг баталсан. Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын тэргүүн туршлага нь гурван үндсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Тухайлбал, Баруун Европын орнуудын хувьд нэгдүгээрт, тухайн улс орон Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг, гуравдугаарт, хууль сахиулах тогтолцоо зэрэг. Эдгээрийг харгалзаж Монгол Улс таван үндсэн зорилтуудыг боловсруулж, дэвшүүлсэн. Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжилсэн. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно. АТГ Их Британид эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан хүний амины орон сууцыг улсын орлого болгож худалдан борлуулах асуудал мөн яригдаж байсан. Саяхан Балтын нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах яриа хэлцэл төгсгөлийн шатандаа орсон мэдээлэл ирсэн. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, мөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчрахыг даалгаж байна.
-"Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг шалгах уу?
-Энэ ажиллагааны хүрээнд нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүс хамаарна. Орлого олон нийтэд ил харагддаг байх, орлогоо нотолж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв УИХ-ын гишүүн нэр холбогдвол эгүүлэн татна. Энэ бол том соёл. Тодорхой хэрэгт холбогдсон гишүүд өөрсдөө санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзаж, хэргээ шалгуулах хүсэлт тавьж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ мэт ёс суртахууны соёл, шинэ үзэгдэл тогтож байна.
-Койнтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын явц ямар байгаа вэ?
-Виртуал хөрөнгийн харилцааг хангалттай зохицуулсан улс дэлхий дээр байхгүй. Монгол Улс виртуал хөрөнгийн харилцааг анхлан зохицуулсан улсын эхний аравт багтах байх. Хоёр янзын зохицуулалт байна. Виртуал хөрөнгийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх. Бид зүй тогтлыг дагаад зөвшөөрье гэсэн. Койн, токен гаргасан хүмүүс Санхүүгийн зохицуулах хороо, биржид бүртгүүлэх шаардлагыг тавьж байна. Биржид бүртгэлгүй бол хууль бус гэж үзэх зохицуулалтыг хийсэн.
Койны хохиролтой холбоотой асуудлыг дараа хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авч ярина. Виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах хууль гарахаас өмнө койнууд зах зээлд арилжаалагдсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.