1:1

1:1

Т.САЙХАН

 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, парламентын сонгуулийн талаарх зохицуулалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.  Улмаар цэцээс 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн 21 дүгээр  зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар УИХ-ын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзсэн байна. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлт болон 2012 оны хоёрдугаар дүгнэлт, гуравдугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн тогтолцоонд пропорциональ систем ашиглах боломжийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан юм.  Цэцийн шийдвэртэй холбоотой асуудлаар  УИХ-ын гишүүн  Т.Доржханд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН  Т.ДОРЖХАНД: СОНГУУЛИЙН ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТОГТОЛЦООГ СОНГОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

 

-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэсэн асуудлаар эцсийн шийдвэр гаргаж, олон жил маргаантай байсан асуудалд цэг тавилаа. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох нь тодорхой боллоо.

 Ингэснээр Монгол Улс нэг том тойрог гэж үзэж, УИХ-ын гишүүн нэг том тойрог буюу 3.5 сая монголчуудын төлөө, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн төлөө кноп дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг парламент бүрдэх боломж нээгдсэн. Энэ тогтолцоогоор сонгууль явуулснаар сонгогчдын санал гээгдэхгүй. Цэцийн энэ шийдвэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар яригдаж байгаа үед гарлаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний нэг шалтгаан 1992 онд нийт сонгогчдын тоо 1.1 сая байсан бол өнөөдөр 2.3 сая болсон. Төлөөлөх чадвар болон бусад улсын парламенттай харьцуулахад Монгол Улсынх парламент маш давжаа байна. Энэ агуулгаараа гишүүдийн тоог өсгөх зайлшгүй шаардлага бий. Судлаачид УИХ-ын гишүүдийн тоо 150-152 байх ёстой гэсэн тооцоо гаргасан.

 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: ПАРЛАМЕНТЫН ЧАДАВХИ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯРЬЖ БАЙНА

 

-Парламент өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар  иргэдтэй уулзсан.  Иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай. Үндсэн хуульд, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,парламентын чадавх, засаглалыг сайжруулах, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулна гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал хөндөгдсөн. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэж байна. Түүнчлэн Төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг иргэд маань онцолж байна. Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ