Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс, орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд, залуу үеийнхэн тайван жагсаал хийж, үзэл бодлоо зөв, боловсон замаар илэрхийлж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь зүй ёсны сануулга, анхааруулга гэдгийг онцлон тэмдэглэв.
Цаашид ч дэлхий нийтээр түүхий эд болон хүнсний үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн доголдол үргэлжлэх хандлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулав.
Дээрх нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар УИХ-ын чуулганы хуралдаанд хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн гэдгээ дурдав.
Иймд УИХ, Засгийн газар асуудал үүссэний дараа арга хэмжээ авах биш, урьдчилан тооцоолж, төлөвлөх зарчмаар ажиллаж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах ёстойг хатуу анхаарууллаа.
Нэн тэргүүнд гадаад хүчин зүйлээс үүдэлтэй хүнс, шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саатал, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай бол төсвийн тодотгол хийх замаар төсөв, хөрөнгийн нөөц боломжтойгоо уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Мөн төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, түргэн шуурхай, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.