Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.
УИХ-ын дарга Х.Булгантуяа "МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, жагсагчид залуучуудын хүргүүлсэн шаардлагын талаар, одоогийн нөхцөл байдлын талаар Л.Овун-Эрдэнэ дарга бүлэгт мэдээлэл хийлээ. Хоёрдугаарт, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа. Бүлгийн гишүүддээ төлөвлөгөөгөө танилцуулаад саналыг нь сонслоо. Бүлгийн гишүүдээс уг хуулиас гадна төсвийн тодотголыг хийхийг дэмжлээ".
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "2022 онд манай эдийн засагт тулгамдаад байгаа гол асудал бол үнийн өсөлт. Одоо нөхцөл байдлаа бодитой дүгнэж үзэх ёстой. Урд хөршид халдвар нэмэгдэж байна. Том хотуудад хөл хорио тогтоосон байна. Тэгэхээр урд хил дээр нөхцөл байдал сайжрахгүй болов уу гэж харагдаж байна. Түүнчлэн дайнтай холбоотойгоор хойд хил дээр бэрхшээл хүндрэл гарна. Энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт байсныгаа бид нар өөрчилж байна. Үүнтэй холботойгоор төсөвт тодотгол хийе. Төсөвт тодотгол хийснээр төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болоод байвал хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт авчирна. Нэгдүгээрт, төгрөгийн ханш унахад хүргэнэ. Хоёрт, валютын нөөц хомсдоход хүргэж байгаа юм. Их хэмжээний эрэлт байгаад байхаар одоо хүндрэлтэй байгаа тээвэр ложистикийн асуудал улам нэмэгдэж, ачааллаад байгаа юм. Одоо их очертой байхад дээр нь нэмээд төсвийн хөрөнгө оруулалтаар гаднаас орж ирэх бараанууд нь нэмэлт ачаалал бий болгоно. Энэ нь тээврийн үнэ өсөх, хөөрөгдөх аюултай. Тиймээс өнөөдөр бүлэг дээр яриад бүлгийн гишүүд 100 хувийн саналаар төсвийн тодотгол хийе гэдэг санал тавьж байна. Энэ нь эргээд ханшдаа нөлөөлөх учиртай. Ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ бол эдийн засгийн чухал шийдвэрүүдийн нэг" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.