У.Хүрэлсүх: Үндэснийхээ дээлээр гоёж саналаа өгдөг ард түмэндээ амжилт хүсье

У.Хүрэлсүх: Үндэснийхээ дээлээр гоёж саналаа өгдөг ард түмэндээ амжилт хүсье
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 84 дүгээр сургуульд байрлах хэсгийн хороонд охидынхоо хамт ирж саналаа өлөө.
 
Тэрээр саналаа өгснийхөө дараа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад төрт ёс үүсэн байгуулагдсаны түүх 2230 ой, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд Монгол Улсын түүхэнд онцлогтой жил болж байгаа. Энэ сайхан жил Монгол Улсын Төрийн тэргүүний сонгууль давхар явагдаж байгаа нь билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. Монгол хүн бол Монгол Улсын баялаг. Бидэнд олон баялаг бий. Байгалийн баялаг байна. Монголын ард түмэн өөрсдөө бас баялаг. Энэ ард түмний оюун санаа нь асар том баялаг. Монгол Улсын үүх түүх, соёл, бичиг үсэг гээд олон баялгийн эзэн болсон монголчууд байх ёстой гэж боддог.
 
Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэм нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь амжилт хүсье. Д.Энхбат маань эмнэлэгт байгаа. Эрүүл мэндэд нь сайн сайхныг хүсье. Гэр бүлийнх нь хүнд мөн сайн сайхныг хүсье. Хурдан эдгэрээд, эмнэлгээсээ хурдан гараарай.
 
Үндэснийхээ дээлээр гоёж ирээд саналаа өгдөг ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ. 
 
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бага охин нь энэ жил 18 нас хүрч анхныхаа сонгуульд оролцож байгаа ажээ. Тэрээр "Саналаа өгөхдөө буруу бөглөчих вий дээ гээд үнэхээр их сандарлаа" гэсэн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.