Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн үр дүнгээс төр засагт томоохон шинэчлэл гарна гэж итгэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн үр дүнгээс төр засагт томоохон шинэчлэл гарна гэж итгэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хамтдаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэд Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах "Глобал иннова" дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгсөн юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгснийхөө дараа "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж сонгуульд саналаа өглөө. Миний бодлоор энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна.
 
Нэгдүгээрт, цар тахалтай амаргүй цаг үед энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван сонгууль боллоо гэж бодож байна. Иргэдийн маань идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье. Өмнөх сонгуультай харьцуулахад ирц бүх хэсгийн хороонд өндөр явж байгаа юм байна.
 
Хоёрдугаарт, Монгол Улс 1992 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна. Ер нь өнгөрсөн 30 жилийн гол асуудал бол сонгуулиас сонгуулийн хооронд Засгийн газар маш богино хугацаанд 1.5 жил ажилладаг хүндрэл байсан. УИХ-ын сонгууль болдог. Дараа нь орон нутгийн сонгууль болдог. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрийн нөхцөл байдал шинээр үүсдэг. Ийм цикль 30 жил тасраагүй. Харин одооноос УИХ нь дөрвөн жил хэвээрээ, Ерөнхийлөгч нь зургаан жилээр сонгогддог болж байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс цаашдаа төр засагт томоохон шинэчлэл гарна гэж итгэж байгаа" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.