УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт “МАН-ын удирдлага сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүний хэрэгжилт”-ийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа нэг үндсэн асуудлыг хэлэлцлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын удирдлага сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаархи асуудал байлаа. Энэ асуудал яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал гэж бид үзэж байна. Бид 60 тэрбум гэдэг ерөнхий нэршлээр ойлгож байгаа боловч цаанаа улс төрийн намууд увайгүйгээр ард түмний саналыг хууль бусаар авах оролдлого хийдэг, төрийн албыг ямархуу байдлаар цэрэгжсэн сүлжээ болгох аргачлалыг ярилцаж буй талаархи 90 минтуын бичлэгийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хэдхэн хүмүүсийн яриа боловч Монгол Улсын төрийн эрхийг барьж байгаа улс төрийн том хүчний удирдлагуудын хамгийн увайгүй үйлдлүүдийг илчилсэн. Үүнтэй холбогдуулан Ж.Батзандан гишүүний мэдээллийг бүлэг сонсч дараах шийдвэрийг гаргалаа. Бүлгийн хуралдаанаар уг асуудлыг 90 минутын бичлэгийн нотлох баримтын хамт холбогдох хууль хяналтын байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар бүлгээс шийдвэрлэлээ. Энэхүү хүсэлт гомдлыг УИХ дахь АН-ын гишүүд өөрсдөө гарыг үзэг зурж, холбогдох байгууллагуудад өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдорж дараах нөхцөлөөр хүсэлтийг бид гаргаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн тайван амгалан амьдрахад маш ноцтой заналхийлж буй мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.2-т заасны дагуу үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагуудаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд арга хэмжээ авах хүсэлтийг гаргасан. Мөн ТЕГ, АТГ, УЕП, ЦЕГ-т МАН-ын дарга, нэр бүхий гишүүд, гадаад улсын байгууллагад Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг амлах, төрийн албыг худалдах замаар мөнгө босгож, угаасан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой гэмт хэргийн нотлох баримтыг албан ёсоор хүргэж байгаагаа мэдэгдсэн албан тоотыг хүргүүлнэ.
Түүнчлэн Улсын дээд шүүхэд 90 минутын бичлэгт МАН төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалттайгаар оролцож, ялах тухай бичигдсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Улс төрийн намуудын тухай хуулийн 4.4.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах зориулалтаар цэрэгжсэн фашист нам байгуулахыг хориглоно гэсэн заалт бий. Мөн тус хуулийн 23.2 Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хүч түрэмгийлэн цэрэгжсэн фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Тиймээс АН-ын нийт гишүүдийн зүгээс дээрх үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна” гэв. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуллаа.
-Өмнө нь уг бичлэгийг хууль хяналтын байгууллагад шалгуулсан ч эвлүүлэг байна гэх хариултыг өгсөн. 90 минутын бичлэгийг дахин хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэлээ. Танай нам хэр итгэл үнэмшилтэй байна вэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сард 10 минутын бичлэг гарч ирсэн. Тухайн үед бичлэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж үзээд эвлүүлэг биш гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Тун удалгүй сонгуулийн дараа эвлүүлэг мөн гэх яриаг эрх баригч нам гаргаж, тараасан.
Өөрөөр хэлбэл, эвлүүлэг гэдэг эцсийн дүгнэлтийг шүүх, шинжилгээний байгууллага хараахан гаргаагүй. Харин гаргасан мэтээр эрх баригч нам ярьж, хүмүүст худал мэдээлэл тарааж байгаа. Эцсийн дүгнэлтийг шүүх, шинжилгээний байгууллага тогтооно. Мөн бид олон улсын мэдээллийн технологийн компанийн холбоонд бид бичлэгийг шалгуулна. Яагаад гэвэл энэ бичлэгт олон улсын маш том компаниудын нэр хүндийг хөндсөн асуудлууд бий.
-Бичлэгийг ил болгосон Д гэх эрх зөрчигдөж байгаа гэсэн. Түүнийг хэрхэн хамгаалах вэ?
-90 минутын бичлэг бүрэн эхээрээ сая гарч ирсэн. Д гэдэг залуу АН-д албан ёсоор хандсан байгаа. АН 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон Д гэдэг залуугийн гэрчийн аюулгүй байдлыг хангахад дорвитой арга хэмжээ авах саналыг цагдаагийн байгууллагад тавьж байгаа.
Бид урьдчилсан байдлаар шинжилгээ хийлгэхээр мэдээлэл, технологийн компани болон мэргэжлийн хүмүүстэй уулзаж байна. 90 минутын ийм том бичлэгийг хуурамчаар хийх, эвлүүлэх ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьсан. Холбогдох байгууллагууд энэ асуудлыг тогтооно гэдэгт бид итгэлтэй байна.
-90 минутын бичлэгийг эвлүүлэх боломжгүй гэсэн гэлээ. Хууль хяналтын байгууллагаар үнэн эсэх нь тогтоогдвол бичлэгт ярьж буй нэр бүхий хүмүүст ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?
-Олон хуулийг зөрчиж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэсэн заалт бий. Эрүүгийн хуулиар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглодог. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар 20 жил хүртэлх ял оноодог. 90 минутын бичлэгт байгаа ноцтой асуудлыг шалгуулж, хууль хяналтын байгууллагаар эцсийн шийдвэрийг гаргуулахын төлөө АН шударга иргэдтэйгээ явах болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.