Ч.ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа Улсын баяр наадам дөхсөнтэй холбогдуулан Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамыг урилаа. Тэрбээр 1963 оны Улсын хоёрдугаар спартакиадад тойргийн барилдаанд 28 уналгүй түрүүлснээр арслан цолны болзол хангаж байв. Үүнээс гадна Л.Сосорбарам улс, заалны барилдаанд нийт 16 шөвгөрсөн харьшгүй хүчтэний нэг билээ. Түүнтэй зүлэг ногоон дэвжээндээ зодоглож байсан үе болон монгол бөхийн ёс жудаг, МҮБХ-г тойрсон зарим асуудлын талаар ярилцсанаа хүргэе.
-Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Амьдралынхаа 60 гаруй жилийг үндэсний бөхтэй холбож, зүлэг ногоон дэвжээнээ тасралтгүй цолоо дуудуулж байсан хүний хувьд та энэ үед хамгийн их догдолдог байх даа?
-Бөхчүүдийн хувьд наадмын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Манай Төв аймгийн Дүнжингарав галынхан Богд уулын Баруун дэлгэрт бэлтгэлд гарсан. Миний хувьд жил бүр нутгийн залуу бөхчүүдээ дэмжиж, мэдэж, чаддагаасаа хэлж өгье гэж зориод хамт бэлтгэлд гардаг юм. Сүүлийн жилүүдэд цар тахал гээд бүх зүйл хориотой байлаа. Энэ жил манай залуучууд намайг ир гэж дуудаад л байна. Надад бол залуучуудынхаа гал дээр очиж, бэлтгэлийг нь харахад долоо хоног л хангалттай гээд гүрийгээд байгаа. Харин тэд маань та ядаж бидэнтэй 14 хонооч гэсэн. Уг нь ч залуу бөхчүүдтэйгээ байх сайхан шүү дээ. Би барилдахаас гадна насаараа сурган хүмүүжүүлэгч, багш хийсэн хүн. Хүнийг хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг асар их ухаан. Манай ХААИС-аас 30 гаруй улсын цолтой бөхчүүд төрсөн байдаг. Үүнээс надтай нийлээд таван арслан бий. Бид насаараа л бие биенээ хүндэлж, хүн чанартай байхын төлөө хичээж ирсэн. Наадмын талбайд ч жудаггүй зан гаргаж байсангүй. Ер нь бидний үеийн бөхчүүд бөх хүний жудгийг дэндүү дээдэлдэг, хүн чанартай байж дээ гэж боддог юм.
-Нутгийн залуу бөхчүүдээс энэ жил таны сонорыг мялаах, улсын цолонд хүрэх байх гэж найдлага тавьж буй залуу хүчтэн бий юу?
-Үнэнийг хэлэхэд таних бөхчүүд их цөөхөн болжээ. Нэрийг нь мэдэхээс зүсийг нь бараг мэдэхгүй юм. Тэгэхээр их зовлонтой. Ялангуяа 256 бөх барилдахад нэг, хоёрын даваанд баахан л залуучууд үзээд байна. Хөгшин би тэднийг ялгана гэж юу байхав. Ямарсайндаа л хажууд суугаа хүнээс сая хэн нь давчихав гэж асуух жишээний. Харин залуучууд маань биднийгээ марталгүй наадмын үеэр жил бүр зорьж ирдэгт нь баярладаг. Манай аймгаас насны хувьд миний дээр хоёр улсын цолтой хүчтэн байлаа. Хорвоогийн жамаар ойрхон бурхны орондоо заларлаа даа. Одоо аймгаасаа хамгийн өндөр цолтой нь өвгөн би л болчих шиг боллоо.
-Төв аймаг нэгэн цагт хүчит бөхчүүдээрээ алдартай байсан. Гурван их аварга танай нутгийнх. Харин хүмүүсийн хэлж сурснаар жижиг А.Сүхбат аваргаас хойш олныг цэнгүүлэх хүчтэн гарч ирэхгүй л байна. Хашир арслангийн хувьд үүнийг юутай холбоотой гэж бодож байна?
-Манай аймаг чинь гурван аварга, зургаан арслантай. Гарьдаас бусад бүх цолтон бий. Бөхчүүдийн хувьд ч арвин түүхтэй аймаг гэж боддог. Харин сүүлийн жилүүдэд бөх их ховордсон. Жил бүр гайгүй барилдаад, цолоо ахиулчих болов уу гэж хардаг хоёр залуу л байна. Дорвитой амжилт гаргахгүй байгаа нь олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Бодлого тун чухал. Аливаа салбар өөрийн чиг шугамыг барьсан бодлогогүй бол амжилт гаргахад тун хэцүү. Дараагаар нь өөрийн хүсэл сонирхол, уйгагүй хичээл зүтгэл. Хөдөлмөрлөж, аливаад тууштай байсан хүн л амжилтын үзүүрээс атгадаг. Бөхийн спорт ч ялгаагүй. Тиймээс одоогийн залуус үндэсний бөхөөр амжилт гаргая гэж бодож байгаа бол бэлтгэлээ л сайн хий. Бөх хүнд аз, од, хийморь нь гийх үе байдаг даа. Тэгэхээр удахгүй манай аймгаас олныг баясуулах, залуу хүчтэн төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
-Бодлогын хүрээнд дэмжих, та бүхний санал хүсэлтийг төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд хүргэж чадах хүн нь А.Сүхбат аварга юм шиг санагдах юм. Аварга маань ер нь нутгийнхаа бөхийн цаашдын хөгжилд хэр санаа тавьдаг бол?
-Би хүн муулах дургүй. Болж өгвөл сайн талаас нь харахыг хичээдэг. Гэхдээ манай А.Сүхбат их түргэн араншинтай. Асуудал бүхэнд оролцох гээд байдаг тал бий. Би өөрт нь “Чи жудагтай бөх хүн. Хоёр хүн хэрүүл хийх, муудалцаж байхад битгий оролцож бай” гэж хэлдэг л юм. Намайг юм хэлэхээр өөдөөс үг дуугарахгүй ээ, толгойгоо дохиод л сууна. Ер нь манай бөхчүүд эртнээс хэрүүлд оролцдоггүй, маргаан болсон газраас ч холуур өнгөрдөг ёс, жудагтай байлаа. Харин манай хүний хувьд аль ч салбарт аливаад түргэдчих гээд байгаа нь ажиглагддаг шүү.
-Бөхөд хайртай монголчууд А.Сүхбат аваргад хайртай байдаг. Гэтэл эр бяр нь тэгширсэн эд насандаа зодог тайлж, олон хүнийг гонсойлгосон.Тэр үед та нутгийн арслан, ахын хувьд юу бодож байв?
-Надад үнэхээр харамсалтай санагдсан. Тухайн үед наадамчид А.Сүхбатын барилдааныг л харах гэж цэнгэлдэхэд цугладаг байлаа. Насны хувьд зодог тайлах болоогүй байсан хүүхэд. Үнэндээ түүн шиг элдэвтэй, уран, үзэгчдийг огштол барилддаг бөх өнөөдрийг хүртэл төрөөгүй байна гэвэл хилсдэхгүй болов уу. Миний хувьд нутгийн дүүг шашны холбогдолтой л зодог тайлах шийдвэр гаргачихав уу гэж бодсон. Учир нь ээж нь нэг төрлийн шашинтай их ойр холбоотой гэдэг. Магадгүй энэ бүхэн нөлөөлсөн байж болох.
-Нэг хэсэг МҮБХ хоёр хуваагдсан. Нэгэн цаг үед энэ байгууллагын эд эс, шийдвэр гаргах хэмжээнд байсан хүний хувьд та энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байв?
-Ер нь бөхийн холбоо задарсан нь "Хоёр Мөнх"-ийн л хийсэн ажил шүү дээ. Тэр хоёр маань их элдэвтэй байлаа. Нэг болохоор сүрхий эвсчихнэ. Зарим үед хоёр тийшээ харчихна. Бие биетэйгээ өрсөлдөж, нэг нэгнээ хурцалж байж амжилт гардаг байж болох. Бидний үед ийм асуудал байгаагүй болохоор учир шалтгааныг нь нарийн хэлж мэдэхгүй юм. Миний ид барилдаж байх үед бөхчүүд хоорондоо маргалдахыг алийг тэр гэхэв. Гэхдээ эр хүмүүс учир удахгүй мартчихаад инээлдээд хамт бэлтгэлдээ гардаг байлаа. Хэн нэгнийгээ бусдад муулж явсангүй. Ёс суртахуун, үзэл бодлын хувьд нэг чигтэй байж чадахгүй, өөрсдийн ашиг сонирхлын төлөө гэмгүй олон бөхчүүдийг талцуулж, хөлдөө чирэх шаардлага байхгүй л санагдах юм.
Улсын арслан Л.Сосорбарамын амжилтаас
-1955 онд 17 настайдаа сумын наадамд С.Оргодол арсланг орхин түрүүлж сумын заан цол хүртжээ.
-1958 онд Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт оржээ.
-1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар наадмын үндэсний бөхийн төрөлд 32 давж гуравдугаар байр.
-1959 оны улсын баяр наадамд зургаа давжээ. Ийнхүү баяр наадмын комиссын тогтоолоор 22 насандаа Монгол Улсын өсөх идэр начин, заан цолыг хэдхэн цагийн зайтай хүртсэн байдаг.
-1963 онд Монголын ард түмний хоёрдугаар спартакиадаар нэг ч уналгүй түрүүлж Улсын арслан цолны болзлыг 26 насандаа хангав.
-1964 оны улсын баяр наадамд зургаа давж, улам нэмэх чимэг.
-1965 оны улмын баяр наадамд тав давж, бат хүчит чимэг хүртсэн билээ. Үүнээс хойш тэрбээр улсын баяр наадамд тасралтгүй амжилттай зодоглосон энэ цагийн харишгүй хүчит арслангуудын нэг юм.
-Ер нь бөхийн холбоо ямар байх ёстой юм бэ. Даруулгатай байлгах, нэг үзэл санаанд нэгтгэх дүрэм журам гэж байдаг байлгүй дээ?
-Монгол Улсын хэмжээнд нийт 60 гаруй холбоод бий гэх юм билээ. Үүнээс хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг холбоогоор МҮБХ-г нэрлэсэн. Р.Нямдорж, Д.Данзан хоёр бол гар нийлсэн сайн удирдлагууд байлаа. Манай холбоог мөн ч сайхан болгож өгсөн дөө. Миний хувьд холбоог анх байгуулсан үед буюу 1972 он хавьцаа цэцийн гишүүн, тэргүүлэгчдийн нэгээр ажиллаж байлаа. Бидний үед гишүүд маань нэг бодлогын дор нэгдэж чаддаг байсан. Бөхчүүд барилдаанаараа хоорондоо тэмцэлдэж, өрсөлдөж болно. Харин үзэл бодлын хувьд үндэсний бөхөө хэрхэн хөгжүүлэх вэ, яавал бид илүү сайн барилдаж түмэн олноо баясгах вэ гэсэн нэг зорилгын дор атгасан гар шиг нэгдэж чаддаг байх учиртай. Би хааяа бухимдахаараа “Нэг эх оронтой бөхчүүд байтугай эсрэг тэсрэг үзэлтэй улс орнууд эв найрамдалтай амьдарч болоод байхад бид яагаад чаддаггүй юм бэ” гээд хэлчихдэг л юм.
-Наадам дөхөхөөр сэргээшийн асуудал сөхөгддөг. Допингийн асуудлаас болж олон ч бөх нэр төрөө сэвтээлээ дээ?
-Бидний үеийн бөхчүүд допинг гэж дуулаа ч үгүй. Ер нь байдаг ч юм уу. Зарим ном, гарын авлагаас уншихад бидний хэрэглэж буй хоол хүнсэнд хүртэл агуулагдаж байдаг юм биш үү. Энэ сэргээштэй байх магадлалтай гээд юм идэж, уухгүй байх хэцүү биз дээ. Миний үеийнхэн бол амандаа нэг глюкоз ч тавьж үзээгүй улс. Эцэг эхээс заяасан бяр чадлаараа л дэвжээнд гардаг байлаа. Одоо харахад морь бөх хоёр чинь гурван янзын тэтгэмжтэй болоод байна. Тарианы морьд, бөх гэж их ярьж байна. Залуучууд уг нь үүнийг их нуудаг байсан ч сүүлийн үед ил болоод байх шиг байна. Хүч тамир оруулах тэр тариа гэдэгт нь өнөөх допингийнх нь нэг төрлийн бодис агуулагдаж байж болох юм.
-Допингийн асуудлаас болж Улсын аварга Э.Оюунболд барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Найман жил гэдэг бөх хүний хувьд туулж, барахад их урт хугацаа даа?
-Бөх хүний хувьд найман жил гэдэг дэндүү хайран цаг хугацаа. Найм битгий хэл нэг жил л бэлтгэлээ алдахад ямар байдаг билээ. Тэр хүүхдийн хувьд дахиад зүлэг ногоон дэвжээнд гарна гэдэг хэцүүхэн болж байна. Миний хувьд барилдах эрхийг нь хасахтай үзэл бодол нийлдэггүй хүн. Бөхчүүдийн барилдах эрхийг ийм олон жилээр хасч яасан ч болмооргүй. Э.Оюунболдыг дийлэхгүй болохоор хорлочихлоо гээд л хүмүүс шуугиад байсан. Дийлэх, дийлэхгүй нь хамаагүй. Тухайн хүүхдийг хохироож болохгүй шүү дээ. Албаар эм, бодис хэрэглэхгүй нь лавтай. Тиймээс энэ асуудалд жаахан уян хатан хандах нь зөв болов уу гэж бодож байна. Ядаж торгодог, өөр арга хэмжээ авдаг байгаасай. Түүнээс бөх хүний барилдах эрхийг хасна гэхэд дэндүү харамсмаар, хайран санагдаад байх юм. Нэг жишээ ярихад хөдөөгүүр эмэгтэй хүн адууны засаа иднэ гээд явж байх юм. Гэтэл тэр засаанд нь орчин үеийн шинжилгээгээр хүч тамир оруулах бодис байдаг гэдэг нь илэрчихлээ. Манай монгол эрчүүд бүгдээрээ л иддэг биз дээ. Засаанд нь байгаа бодис маханд нь байж л байгаа. Тэгэхээр монголчууд бүгдээрээ л тэр допинг гээчийг нь хүртчихсэн яваа байхгүй юу.
-Анх харцага, гарьд цолыг өгдөг болох үед таныг хамгийн их эсэргүүцэж байсан гэх юм билээ?
-Ямар ч зүйлд босго байдаг. Нэгэнт л уламжлаад, тогтчихсон зүйлийг хөдөлгөх шаардлага байна уу. Хэрэв өөрчлөх бол тун болгоомжтой хандах ёстой гэж үзэл бодлоо илэрхийлж байлаа. Тухайн үед Ж.Мөнхбат аварга бид хоёр нэг байр суурьтай байсан юм. Цол нэмэх асуудлыг санал хураалтаар шийдэх болсон. Гэтэл надтай адил эсэргүүцэж байсан аварга маань гэнэт бодлоо өөрчилчихсөн байж билээ. Манай Х.Баянмөнх аварга нэг удаа улсын наадамд цол олгохыг болиулъя. Сайн барилдсан бөхчүүддээ цагаан сараар нэг мөсөн цолыг нь гардуулж байя гэсэн санал гаргасан удаатай. Учир нь наадмын дэвжээн дээр цол ахихын тулд бие биедээ мөнгө өгөх асуудал их гарч байна гэсэн шалтгаанаар. Миний хувьд бас л эсэргүүцсэн. Юуны төлөө наадамчид маань цэнгэлдэхдээ суугаад нутгийн бөхөө дэмжиж, уухайлдаг билээ дээ. Тэгээд ч энэ бол холбооны хийх ажил биш шүү дээ. Төрийн их наадмын ёс дэгийг дээгүүрээ л шийдэх учиртай. Энэ мэт содон, сонин санаанууд манай бөхчүүдээс их гардаг байлаа.
-Өнөөх наадмын найраа гэдгийг л яриад байж дээ уг нь. Танд иймэрхүү санал ирж байв уу?
-Миний хувьд найраа гэдгийг зогсоож болохгүй гэж боддог. Гэхдээ энэ нь мөнгөөр тохиролцдог асуудал биш шүү. Учир нь нас өндөр гарсан ахмад бөхчүүд өөрийн төрөл болон нутгийн дүү нараа, ирээдүйд сайн барилдах хүүхдийг дэмжих үүднээс унаж өгөх нь биднээс ч өмнөх үеийн ёс шүү дээ. Үүнийг мөнгөөр шийдээд байгаа нь тун буруу, бөхийн нэр хүндийг унагасан явдал болоод байна. Миний хувьд ч өөрийн дэмжье гэсэн хүүхдэдээ тахимаа өгөөд, үнсээд явуулж байсан тохиолдол бий. Энийгээ жудагтай бөх хүний ёс л гэж боддог. Би хааяа залуустайгаа хошигнодог юм. “Залуу байхад арслаан намайг л битгий амлаарай, би энэ жил дажгүй сайн байгаа шүү гэдэг байсан юм. Одоо нас ахиад ирсэн чинь арслаан намайг амлачихгүй яасан юм бэ гэх боллоо. Энэ яагаад тэр вэ. Залуу байхад айгаад тэгж хэлдэг байсан бол нас ахихаар амархан унана гээд байна уу” гэж ирээд инээлддэг юм.
-Монгол эр хүн ялангуяа бөх хүн эртнээс дагаж мөрдөх нарийн ёс дэгтэй байсан. Гэтэл энэ мөн чанар нь жил өнгөрөх тусам алдагдаад байгааг сүүлийн үеийн барилдаанууд гэрчлэх боллоо. Харин таныг олон хүн хамгийн жудагтай бөхийн нэг гэж үнэлдэг юм билээ?
-Монгол бөхийн ёс дэг гэдэг нарийн утга учиртай. Гэхдээ монгол бөхөө дээдэлж, хүндлэх гэдэг тухайн хүний хүмүүжил, үзэл бодлоос их шалтгаалдаг. Үргэлж хэлж, захиад ч ойшоодоогүй хүн ч байна. Энэ хандлагаас болоод мартагдаад байгаа нэг зүйл нь жудаг юм. Бөх хүн хамгийн дээд жудагтай, хүн чанартай байх ёстой гэж би боддог. Худал хэлж, хулгай хийхгүй, хүнтэй муудалцдаггүй, хэрүүлтэй газраас холуур өнгөрдөг гээд муу бүхнээс ангид байх учиртай юмсан. Гэтэл манай бөхчүүд сүүлийн үед наадмын талбай дээрээ би унасан, чи унасан гээд маргалдаад зогсох нь элбэг болжээ. Бидний үед хөлийн цэцийн гаргасан шийдвэрийг няцаадаггүй байлаа. Энэ нь бөх хүний жудгаас гадна наадамчдаа хүндэлж буйн том илрэл байсан юмдаг уу. Мөн барилдааны үед засуул их гярхай, сайн байх учиртай. Дэвжээн дээр гарсан маргааныг хоёр засуул нь хоорондоо шийдэх ёстой. Гэтэл манай одооны засуулууд өөрийнхөө бөхийг засахгүй, бусдын барилдаан шүүгээд явах нь ажиглагддаг.
-Японы сүмо бол их хатуу дүрэмтэй, бөхчүүд нь ч ёс дэгээ нарийн барьдаг. Тэдэн шиг дэвжээн дээр ёс бус үйлдэл гаргавал хариуцлага тооцдог тогтолцоотой болмоор юм уу?
-Сүмо бол их жижиг дэвжээн дээр барилдаан нь хурдан өрнөдөг онцлогтой. Талбайд дэвжээний шүүгчээс гадна дөрвөн буланд дөрвөн хянагч сууж байгаа шүү дээ. Нэг шүүгчийн хараагүй өнцгийг нөгөө хянагч нь харсан л байдаг. Тиймээс маргаан гарах нь тун ховор. Харин монгол бөх өргөн уудам талбай дээр барилддаг. Настай засуулууд бол бөхчүүдийн барилдааны хурдыг гүйцэж харахгүй тохиолдол бий. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын аав Халтмаа гэж мундаг засуул байлаа. Тэр хүн барилдааны дараа маргаан гарахад өөрөө гүйж очоод хөлийн цэцэд болсон үйл явдлыг тайлагнадаг байсан. Өөрийнхөө засаж буй бөхийн төлөө гэх чин сэтгэлтэй засуул гэвэл би Халтмаа гуайг л хэлнэ. Засуулууд ийм зарчмаар л ажиллах ёстой.
-Зүлэг ногоон дэвжээн дээр цолоо дуудуулж, дэвээ шаваа хийхэд бие хөнгөрөөд, сэтгэл сэргэж сайхан мэдрэмж төрдөг байх даа?
-Бөхчүүдийн дэвээ, шаваа хүртэл нарийн утга учиртай. Бөх хүн гарахдаа эрийн гурван наадмаа бэлгэдэж, гуяан тушаа газраа гурав алгадах учиртай. Шаваа хийж байхдаа хоёулаа эв түнжинтэй, сайхан барилдъя гээд хоёр алгаддаг бэлгэдэлтэй. Мөн хоёр бөх наадмын талбайг бүрэн голлоод өөд өөдөөсөө харж барилдахад бэлэн болсон тохиолдолд л барилдаан эхэллээ гэж үзнэ. Үүнээс гадна том цолтой бөх нь давуу эрх эдэлж барилдах газраа сонгодог уламжлалтай. Барилдахад хамгийн тохиромжтой, хальтирахааргүй газрыг сонгоод амласан бөхөө хүлээнэ. Амлуулсан бөх нь цолыг нь хүндэтгээд тухайн бөх дээр очих ёстой. Гэтэл манай зарим залуучууд барилдаан эхлээгүй байхад араас нь гүйж очиж тэврээд унагачих жишээтэй. Засуул нь хүртэл манай бөх давсан гээд гүрийчихнэ. Мөн наадмын үеэр цээрлэх ёс гэж бий. Жишээ нь наадмаас сарын өмнөөс эмэгтэй хүнтэй ойр, дотно байхгүй. Энэ нь бие нь сулрах, сэтгэл санаа нь тавгүйтүүлнэ гэдэг. Энэ ёсыг манай "Хоёр Мөнх" их сайн дагадаг байсан юм. Зарим үед бэлтгэлийн үеэр эмэгтэй хүн хажууд нь суухад их эвгүйрхэнэ шүү дээ.
-Таны хувьд энэ цагийг эзэлсэн "Хоёр Мөнх"-тэй өгөө аваатай ноцолдож байсан хүн. Ялангуяа Мөөеө аваргатай олон удаа тунасан гэдэг байх аа?
-Ж.Мөнхбат аваргатай хоёр жил дараалж тунасан түүхтэй. Түүнээс хойш Мөөеө маань тасралтгүй тав түрүүлсэн байдаг. Би Мөөеөг сайн мэддэг байлаа. Учир нь ах Ж.Чадраабалтай нь би найз байлаа. Тиймээс намайг дандаа л та, Сооёо ахаа гэж хүндэтгэнэ. Монголчуудын хайртай их аварга болчихоод ч намайг нэг ч удаа чи гэж дуудсан тохиолдол байхгүй.
-1960-аад оны үед таны гарт нэг л орсон бол мултрах арга байхгүй байсан гэж тухайн үеийн бөхчүүд ярьсан байдаг. Та гарын шуундаа их бяртай байжээ дээ?
-Миний хувьд задгай, хурдтай барилдаанд сайн байсан. Харин Ж.Мөнхбатын хувьд эсрэгээрээ. Тиймээс Мөөеө, М.Мөнгөн гээд бөхчүүд надаас их эмээнэ. Мөөеөтэй хоёр дахь жилийн тунаан дээр Ө.Чүлтэмсүрэн арслан Мөөеөд “Чи Сосорбарамтай баталгаатай тунана. Чи олон ойчсон. Чамд түүнийг хаях ганц арга байна. Сосорбарам эхлээд чам руу их хүчтэй дайрна. Энэ дайралтыг чи ямар нэгэн байдлаар тогтоох ёстой. Цаадах чинь дайраад зогсохдоо арагшаа заавал ухарч гишгэдэг юм байна. Яг тэр гишгэдлийг тааруулан чи ард нь хөл тавиад түлхчих" гэж тун нарийн хэлж өгсөн байдаг. Хашир арслан миний барилдааныг ажиглаад л байж. Яг ийм байдлаар Мөнхбатад би унасан. Энэ үеэс ер нь Ж.Мөнхбат миний барилдааны арга барилыг судлаад гаргаахаа больсон доо. Манай Мөөеө чинь хөлийн таваг нь тэгш. Тиймээс ямар ч хий байхгүй, мэхэнд их үлдэцтэй байдаг онцлогтой бөх. Бидний үеийн барилдаан их хурдан өрнөдөг байлаа. Хурдхан талбай дээр гараад, үзэгчдийг чилээлгүй шуурхай барилдчихна.
-Одоо харин бөхчүүд маань жин нэмээд хөдөлгөөн нь удаашраад, уран барилдаан гаргахгүй байна уу даа?
-Жингээсээ шалтгаалаад хөдөлгөөн их муу болсон. Хөдөлгөөн байхгүй болохоор яаж уран барилдаан гарахав. Бидний үеийн бөхчүүд чинь тэвхийсэн биетэй л байлаа. Хүчний бэлтгэл их хийнэ. Манай зарим ахмадууд шинэ залуучуудаа шалгах зорилгоор чанасан, нугалаагүй хүзүү өгдөг байж. Хутга өгөхгүй. Өнөөх залуучууд маань шүдээрээ махыг нь зулгаагаад, үе болгоноор нь хүзүүг гараараа нугалах ёстой. Энэ шалгалтыг давсан бөхийг эр бяр, бэлтгэл нь тэгширсэн байна, энэ жилийн наадамд нэг юм дуулгана гэж үнэлдэг байсан гэдэг.
-Та Ж.Мөнхбат аваргатай холбоотой сайхан дурсамж дэлгэлээ. Мөөеө аваргын мөнхийн өрсөлдөгч байсан Х.Баянмөнх аваргатай хэр таарч байв?
-Би Х.Баянмөнхтэй улсын наадамд таарч, давсан тохиолдол байхгүй. Харин миний арслан болдог жил бүх нийтийн Улсын хоёрдугаар спартакиадад би уналгүй 28 давж түрүүлээд арслан болоход Х.Баянмөнх надад унаж, заан цолны болзол хангасан түүхтэй. Мөн бас нэгэн сонин тохиол нь би хөл мэх барагтай хийдэггүй хүн. Гэтэл ганцхан удаа хөл мэх хийгээд давсан бөх нь манай Х.Баянмөнх байсан юмдаг.
-Таныг залуу бөх байхдаа Б.Түвдэндорж аваргатай барилдаж давж байсан гэх яриаг одоо хүртэл бөхчүүд ярих юм билээ?
-Б.Түвдэндорж аварга надаас 21 насаар ах хүн. Би энэ агуу аваргатай гурван удаа барилдахдаа гурвууланд нь давсан нэг бодлын их азтай хүн. Гурав дахь удаагаа Ховдод таарч барилдахдаа тахимаа өгчихье гэж бодоод “Би одоо боллоо. Та энэ барилдаанд түрүүлнэ биз дээ” гэж асуухад “Хүү минь хүмүүс муу хэлнэ. Хоёулаа дэвжээн дээр шударгаар барилдана шүү” гэж хэлж байсан юм.
-Таны аавыг нутаг усандаа их өндөрт тооцогддог, шөрмөстэй хүн байсан гэж ярьдаг. Аав тань үндэсний бөхөөр барилддаг байв уу?
-Аав минь их өндөр, туранхай хүн байсан. Ямарсайндаа л нутагтаа Гураан гэж алдаршихав. Уг нь их барилдах дуртай байж. Малдаа явахдаа нутгийн залуустай ноцолдоод дээлнийхээ сугыг ураад ирэхэд нь ээж маань үргэлж цойлдож өгдөг байсан гэдэг. Харин хүмүүсийн өмнө ганцхан удаа л барилдсан түүхтэй. Аав их бор арьстай байж л дээ. Зодог шуудаг өмсөөд барилдтал үеийнхэн нь “Энэ хар биетэй хүн хэн бэ. Цахар юм болов уу, манай нутгийнх биш ээ” гэж шоолсноос нь хойш ичээд дахиж барилдаагүй гэж ярьж байж билээ. Харин ээжийн минь тал судлаад байвал бөхийн удамтай гэдэг.
-Бид үндэсний бөхөө хэрхэн дэлгэрүүлж, залуу хойч үеэ бэлтгэх вэ. Энэ байдлаараа ингээд тасарчихвий гэсэн эмзэглэл олон хүнд байна?
-Монгол үндэсний бөх ихэвчлэн удамшдаг учир тасрахгүй. Харин зөв л хөгжүүлэх учиртай. Харамсалтай нь хөгжихгүй, тогтчихоод байна. Хэдийгээр бөхчүүд барилдаад байгаа ч аргацаасан, амархан давчихъя гэсэн өнгөцхөн бодолтой л байна уу даа. Тэгэхээр сайн залж, чиглүүлж, удирдах хүн л хэрэгтэй байх даа.
-Үндэсний бөхтэй насаараа холбогдсон хүний хувьд монгол бөхийн ид цэцэглэж, хөгжиж байсан үе гэвэл та аль цаг хугацааг онцлох вэ?
-"Хоёр Мөнх"-ийн үеийг л онцолно доо. Д.Дамдин гуай буурч, залгамж халааг нь "Хоёр Мөнх" авч байсан юм. Мөн Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав гээд бөхчүүд их ширүүн, өрсөлдөөнтэй байсан үе л дээ. Түүнээс хойш ерөнхийдөө тогтчихлоо. Уг нь Ч.Санжаадамба гээд сайхан аварга байна. Заалны барилдаанд их сайн шүү дээ. Энэ талаараа надтай их төстэй санагддаг. Би энгийн барилдаануудад эхний байраас буудаггүй байлаа.
-Таны хувьд үнэхээр хоёр аваргыг барахгүй байсан уу, эсвэл сүр хүчинд нь дарагдчихав уу?
-Хүн өөрийнхөө хэмжээг мэднэ шүү дээ. Миний хувьд "Хоёр Мөнх" байхгүй байсан ч арслан цол маань хангалттай, яг надад тохирсон гэж боддог. Би цолны төлөө шунаж байсангүй. Зүгээр л сайхан шударгаар барилдаж, жинхэнэ хүч тэнхээгээ үзье гэсэн зорилготой л дэвжээн дээр гардаг байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (6855)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.