Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг агуулга нь жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгон хуульчилж, нийтээр тэмдэглэх юм.
Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг, зарим улс орон үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр иржээ. Тэдгээр орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, зохиолч, нийтлэгчид өөрсдийн ном зохиолоо түгээн дэлгэрүүлэх зэргээр тэмдэглэж өнгөрүүлдэг байна. Манай улсын хувьд 2000 оноос эхлэн зарим төрийн бус байгууллага өөрсдийн санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээр зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид уг арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмдэглэлт өдрүүдийн нэг болжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.