“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

“Мад тавиулсан

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан.  Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав.  Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа.  АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган,  Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна.   Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хуулийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая.  Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэв.  Өөрөөр хэлбэл АН-ынханд хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэг өгөөд гаргав.  Шаардлага хүргүүлсэн АН-ын бүлгийн гишүүд ч “Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа" гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, 16 дэд сайдын нэрийг танилцуулж,  Засгийн газраас 128 хяналтын менежерийг цомхотгож 16 дэд сайдыг томилох тогтоолыг баталсан билээ.  Харин өчигдрөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Ерөнхий сайдын өрөөнд орж мад тавиулсан АН-ынхны дараагийн улс төрийн нүүдэл энэ бололтой.  Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна. УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн заалттай билээ.  Тэгэхээр АН эхний нүүдлээ хийсэн ч хууль санаачлах үүрэгтэй болж, Ерөнхий сайдад “мад” тавиулсан.  Гэсэн ч тэд дараагийн нүүдлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг явуулж магадгүй байна.  Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 241 (7738)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ