“Оюутолгойн хяналтын сонсголын тогтоолыг нөлөөнд автахгүйгээр баталж өгөөрэй”

“Оюутолгойн хяналтын сонсголын тогтоолыг нөлөөнд автахгүйгээр баталж өгөөрэй”

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилуулах тухай зөвшилцөх саналыг хэлэлцээд гишүүдийн 70.7 хувь нь дэмжсэнээр баталлаа.  Ийнхүү М.Чинбат УЕП-ын орлогчоор улиран томилогдож байна. Түүнийг анх 2021 онд УЕП-ын орлогчоор томилж байсан бол үргэлжлүүлэн албан тушаалаа хаших болж байгаа юм.  Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийг танилцуулав.

 

Түр хороо: Оюу Толгойгоос Монголын талын хүртэх 53 хувийг хуулиар баталгаажуулах шаардлагатай

 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Хянан шалгах түр хорооноос Оюутолгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах дөрвөн санал дэвшүүлж байна. Үүнд:

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын талбайн хил заагт орших Жавхлант, Шивээ толгой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

2.Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

3.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4.Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг таван  жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

 

Б.Энхбаяр: Гишүүдийн санал гаргах эрхийг хязгаарлаж болохгүй

 

Түр хорооны сонсголын санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Хянан шалгах түр хороо тайлан дүгнэлтээ гаргаад УИХ-ын чуулганд танилцуулснаар татан буугддаг. Шаардлагатай гэж үзвэл холбогдох УИХ-ын шийдвэрийн төслийг танилцуулдаг. Түр хороо ажиллаад, хуралдаад, тайлангаа гаргаад УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирж танилцуулж байна. Энэ тогтоолын төсөлтэй түр хорооны гишүүдээс бусад УИХ-ын гишүүд танилцах шаардлагатай юм. УИХ-ын дэгийн хууль, Хяналт шалгалтын хуулиар бол тогтоолын төслөө ЭЗБХ-оор танилцуулдаг. Тогтоолын төсөл дээр бусад Их хурлын гишүүд санал гаргах боломжийг гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн санал гаргах эрх хязгаарлагдаад байна. Түр хорооноос орж ирсэн төслийг батал эсвэл битгий батал гэх сонголтыг шууд тулгаад байна.

Оюутолгойн хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал:

-Өнөөдөр санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах гэж их юм боллоо амаргүй юм байна. Та нарыг ойлгож байна. Бид нар хуулиа ягштал дагасан.  Хяналт шалгалтын тухай хуулийн 55.1-д Хянан шалгах түр хорооны тайланг УИХ-д танилцуулна гэсэн заалт байгаа.  Гэхдээ одоо тайлангаа бид нар та бүхэндээ өргөн барилаа. Хоёр тайлан байгаа, тус бүр 200 хуудас. Нийт 400 хуудас материалыг 94 мянган хуудас материалаас гаргаж авсан. 5, 10 жилийн дараа бид нар хэлэх үгтэй. Шинжээчид бүх зүйлийг нуруун дээрээ авч гарсан. Та нар бүгдээрээ горимын санал гаргаад Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцье гэж байгаа бол татгалзах зүйлгүй. Нөлөөлөл оруулах гэсэн оролдлогыг та бүхэн бүгдээрээ харсан. Сүүлдээ намайг хэн ч болгов. Монгол Улсын эрх ашиг гэсэн ганцхан эрх ашиг байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа энэ эрх ашиг дээр бат зогсоод Оюутолгой төсөл дээр шинэ эрин эхлүүлээсэй гэж бид нар хүсэж байгаа. Бидний танилцуулсан тогтоолын төслийн  агуулгыг өөрчилчихгүй, дараа нь хэрэгжих боломжгүй зүйл болгохгүйгээр батлаад өгөөрэй гэж ард түмнийхээ өмнөөс хүсэж байна.

 

С.Бямбацогт: О.Батнайрамдал аа, хамаагүй попорч болохгүй

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-О.Батнайрамдал гишүүн ингэж их попорч болохгүй л дээ. Их гоё ярьж, хөмсгөө зангидаад, дуу хоолойгоо чангалсан нь эх оронч болдоггүй юм. Бүгд л Оюу толгойн төслийг сайжруулахын тулд үе үеийн УИХ-ын гишүүд, үе үеийн Засгийн газрууд чадлаараа л ажиллаж байгаа. Одоо ч гэсэн Засгийн газар зээлийн хүүг бууруулах менежментийн төлбөрийг орлого, үр дүнд суурилдаг болгохын тулд ажиллаж байна. Гэтэл ганцаараа л их мундаг ажилладаг урьд өмнө ажиллаж байсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд муу ажиллаж байсан, одоо Их хурлын 126 гишүүн огт ажиллахгүй байгаа, Засгийн газар юу ч хийхгүй байгаа юм шиг ганцаараа эх оронч юм шиг ярьж болохгүй. О.Батнайрамдал гишүүнээс түр хорооны тогтоол мэдээллээ өгөөч ээ гэж их гуйсан. Гэтэл өгөөгүй. Засгийн газар байр сууриа илэрхийлмээр байна гэхэд нууц гээд өгөөгүй. Тэгээд өнөөдөр чуулганд оруулж ирж тараагаад хэлэлцүүлэх гэж байна. Ингэж болохгүй. Тэр тогтоолд юу байгааг бид бүхэн мэдэх хэрэгтэй. Тиймээс ЭЗБХ хэлэлцье. Мөн Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд танилцъя. Тогтоолын төслийг хойшлуулж өгнө үү гэж горимын санал гаргаж байна.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 -Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн гишүүний нэг нь би. Сонсголыг бүтэн гурван өдөр харсан. Болж байгаа процесстой холбогдуулж гурван үг хэлмээр санагдсан. Нэгдүгээрт, бид зоригтой алхах ёстой байж. Дэлхий нийтээрээ парламент нь энгийн хяналт шалгалтаар шалгаж чадахгүй зүйлийг шалгахын тулд мөрдөн шалгах түр хороог байгуулдаг. Мөрдөн шалгах гэдэг үгнээс тойрч зугтаагаад хянан шалгах гэдэг үг хэрэглэсэн. Мөрдөн шалгах гэдэг үг ямар агуулгыг илэрхийлдэг вэ гэхээр мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагад нэвтэрч ордог тусдаа парламентын прокурор буюу парламентын бие даасан шинжээч томилж байгаад тэр мэдээллийг авдаг. Хэрэв тэр мэдээлэл нууцтай холбоотой юм уу, эсхүл хаалттай байгаа бол парламент өөрөө нууцаас гаргах эрхтэй байдаг. Нууцад авсан өгөхгүй байгаа мэдээллийг нэвтэрч авч чадсангүй. Нууцад байгаа мэдээллүүдээ хаалттай юм уу нээлттэй болгож байгаад сонсголоор авч чадсангүй. Зөвхөн ил байгаа мэдээллээр сонсгол зохион байгуулж байна гэж сонсгол зохион байгуулагч нар дахин дахин хэлэх байдлаар энэ мэдээллийг авсан. Оюутолгойгоор бүрэн дүүрэн мэдээлэл сонссон юм уу. Парламент хаалттай болон нээлттэй сонсдог. Хаалттай сонсоогүй мэдээлэл парламентад орж ирэх юм уу. Энэ 126 гишүүн дээр мэдээлэл байх юм уу. 126 гишүүн бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргаж чадах юм уу гэдэг дээр эргэлзээ төрсөн. Дэг дээрх зарим зүйлээ зохицуулахгүй бол нууц материалыг ил болгох эрхгүй парламент гэж байж болохгүй. Засгийн газар нь нууц материалыг ил болгох эрхтэй байдаг, парламент нь эрхгүй. Тусгай хяналтын дэд хороо болон тэрэнтэй холбоотой дэд хорооны санал дүгнэлтийг үндэслээд парламент нууцаас гаргадаг эрх мэдэлтэй болох ёстой. Тэрийг нь ил болгож чаддаггүй парламент байна гэдэг Үндсэн хуульд байгаа төрийн эрхийг барих дээд байгууллага Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг бүгдийг нь шийдэх эрх мэдэл бодитойгоор байхгүй байна гэсэн үг.  О.Батнайрамдал аа битгий хямар.  УИХ -ын шийдвэр гаргах гэж байгаа бол мэргэжлийн байнгын хороо нь хэлэлцэнэ. Хууль зүйн асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхгүй байж болохгүй. Эдийн засгийн байнгын хороо бас адилхан.

Оюутолгойн хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал:

-УИХ-ын Хянан шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар анхны Түр хороо Оюутолгой дээр байгуулагдсан. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Хуулийнхаа хүрээнд боломжийнхоо чадлаар бүхнийг хэлсэн. Давуулан биелүүлэх гэж оролдсон. Бид нар хянан шалгалт гээд орчуулчихсан болохоос. Ард түмний мэдэх эрхийг хангахыг гол зорилгоо болгосон.  Бас ийм асуудал байгаа юм байна гэдгийг хөндлөнгийн нөлөөгүйгээр гаргах гэж хичээсэн. Тиймээс та бүхэн нөлөөнд автахгүйгээр тогтоолын төслийг баталж өгөөрэй гэв.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороонд нь буцаан шилжүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 241 (7738)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ