Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

З.БОЛД

 

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз. Гэхдээ түүхийн салхи түүнийг хуу хаман хийсгэх болно” гэсэн гэдэг. Үнэхээр ч түүхийн салхи түүний шарил дээрх хог новшийг хийсгэж эхэлсэн. Салхины цэвэрлэгээ Сталины муу муухайг алгуур боловч хийсгэн цайруулсаар л байна.

Үүгээр ямар нэг түүх ярих гээгүй юм. Өөр нэг зүйлийг хэлэх гэв. Ерөөс улстөрчийн сайн, мууг өнөөдрийнхөөр нь дүгнэхэд хэцүү. Өнөөдөр улс төрийн “улс төрийн цаазын тавцан” дээр зогсоо улстөрч маргааш “улс төрийн шагналын тавцан”-д гарч болно. Нөгөө талаасаа өнөөдөр “улс төрийн шагналын тавцан” дээр байгаа улстөрч маргааш “улс төрийн цаазын тавцан” дээр зогсож болох юм.

Монголын улстөрчид ч үүнийг той­рохгүй, дайрна. Тэгж ч байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж “Ажлаа өгчихөөд ард түмнийхээ дунд нүүр бардам алхана” гэж Сүхбаатарын талбай дээр чанга дуугаар хэлж байсан. Тэр өнөөдөр хаана явааг бүг­дээрээ мэднэ. Америкт амьдардаг болсон.

Түүний жишээ бол Сталины хэлсэнтэй логикийн хувьд ижилхэн юм. Түүхийн салхи түүн рүү “хог новш” овоолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтаа ажилласан түүнийг яагаад ингэх болов?

Түүний хашиж байсан албан тушаалын “ажлын байрны тодорхойлолт” гэж бий. Академич С.Нарангэрэл гуай нэгэн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн албан тушаалын хийх ажил, барих зарчмыг базаад хэлчихсэн байдаг. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашна гэдэг бол хүн болгон хүсээд, дурлаад байх зүйл биш. Нэгдүгээрт, энэ бол гурван сая гаруй хүүхэдтэй өнөр гэр бүлийн эцэг, өрхийн тэргүүн нь гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, талцал, хагарал газар авсан өнөөгийн нийгэмд нийт монголчуудыг эвлэрүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах үүрэг хариуцлага энэ хүнд ногддог. Гуравдугаарт, төрийн бодлого зөв явж байна уу, цаашдын хөгжлийн үзэл баримтлал нь ямар байх вэ гэдгийг Ерөнхийлөгч тодорхойлохын зэрэгцээ Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, эсэх нь энэ хүний эрх мэдэлд байдаг. Яагаад гэвэл бүх шүүгчээс гадна прокурорын байгууллагын удирдлагыг Төрийн тэргүүн томилдог. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн болоод АТГ-ын даргыг мөн нэр дэвшүүлдэг. Мөн Ерөнхийлөгчийн нэг том үүрэг нь хэрэв УИХ ард түмний, эсвэл Үндсэн хуулийн эсрэг хууль тогтоомж баталбал түүнд хориг тавьж, засуулдаг” гэж тодорхойлсон. Гэвч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ард түмний дунд ам бардам алхаж болохооргүй үйл хийжээ. Ийм л дүгнэлт гарч байна. Ганцхан жишээ хэлэхэд Засгийн газраас уржигдархан УИХ-д өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт, түүнийг дагаж хэрэгжих Тавантолгой ордын олборлолтыг хэн хийх вэ гэдэгт тэрээр ихээхэн анхаардаг байсан. Гэхдээ Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа балиашигласан тал Таван толгойг авч чадаагүй. 2014 онд Монгол, Хятадын хооронд маш том баримт бичиг болж баталсан төслийг түүний дараа Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нар зогсоосон. Х.Баттулга Ерөнхийлөгч болонгуутаа “Таван толгойг гадныханд өгөх гэсэн Ц.Элбэгдоржийг шалгуулъя” гээд Ерөнхий прокурорт 178 хуудас материал өгч байв. Тэгэхдээ “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн” гэж байв. Дараа нь Ц.Элбэгдорж онлайн шууд ярилцлагад орж “Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн шүү дээ” гэж байв. Үнэхээр ч Х.Баттулгад бас ашиг сонирхол байсан. Түүнийгээ одоо ч тээсээр байгаа.

Эмгэнэлтэй нь энэ хоёрын ашиг сонирхлын тулааны үр дүнг улсаараа хүртсэн. Энэ төсөл ингэсээр байгаад өнөөдрийг хүртэл 16 жил хөдлөлгүй гацчихсан юм. Тэр хооронд Монгол ч, Хятад ч маш алдагдал хүлээсэн. Одоо энэ талаар ид ярьж байна.

Уг нь улс төр бол бизнес биш. Бизнес ч улс төр биш. Гэтэл энэ хоёрын дунд “нууц шивнээ” заавал нийтийн эрх ашгийг хөндсөн хориотой сэдвээр өрнөдөг. Гэвч улстөрч, бизнесмэн хоёрын ийм ашиг сонирхол дээр үүссэн “one night” он жилүүдийн салхинд заавал хийсэж гарч ирдэг.

Уг нь бизнесийн зарчим бол хувийн ашиг сонирхол, харин улстөрчийнх улс нийтийн эрх ашиг байх ёстой учраас тэр. Гэтэл энэ хоёр холилдоод, улс төрөөр бизнесийг, бизнесээр улс төрийг хийдэг. Бие биедээ нөлөөтэй болчихсон. Одоо ингээд том төслүүдийг хөдөлгөх болохоор өчнөөн жил Таван толгойн ордыг өөрийн болгочихлоо гэж зүүдэлж сэрэх нь холгүй явсан том компаниуд улс төрийн бужигнаан үүсгэж далдаас зохион байгуулах жишээтэй. Төрийн ордонд улстөрчдийн амаар мэдэгдэл хийж, гудамжинд “тэмцэгчид”-ийн микрофоноор улс төр хийнэ. Олон жил хүлээсэн ашиг сонирхол нь тас цохигдож байгаа учраас бас аргагүй л юм. Энэ бол нэг л жишээ. Ийм хоршил Монголд хавтгайрсан. Улс нийтийн эрх ашгийг хувийн компанийн ашиг сонирхолд худалдчихаар юу болох нь ойлгомжтой. Тиймээс өнөөдрөөрөө амьдардаг, “ажлаа өгчихөөд ард түмнийхээ дунд нүүр бардам алхаж чадах” нь эргэлзээтэй улстөрч олширсоор байна.

Яагаад ийм байдалд ороод байна вэ? Яагаад гэвэл эрх ашгийн эрэмбийг алдаад байгаа юм. Зөөлнөөр хэлэхэд шүү дээ. Хатуухан хэлбэл Монголын улстөрчид улсын эрх ашгийг умартаж хувийн ашиг сонирхолд үйлчилдэг болсон. Уг нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Тиймээс улстөрчид “улс төрийн тайз”-наас нэртэй, нүүртэй л буух хэрэгтэй байгаа юм. Улс төрийн ажлыг зөв эрэмбээр, зөв зорилгоор хийх учиртай юм. Энэ л хэн бэ, ямар улстөрч вэ гэдгийг нь харуулна. Ер нь бол албан тушаалаа өгчихөөд ард түмний дунд нүүр бардам алхаж чадна гэдэг тухайн улстөрчийн ид үедээ олж авсан ёс суртахууны шагнал нь байгаа юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 251 (7495)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ