Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.25/ хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Тэрбээр, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна гэлээ.
Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөжээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.
Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар “Интер РАО Экспорт” компани тендерт шалгарсан байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, хуультай нийцэж буй эсэх, мөн төслийн зураг төсөв батлагдаад явбал олон улсын дундаж үнэтэй харьцуулахад хэр байгаа талаар болон энэ асуудалд салбарын яамны байр суурийг лавлаж байлаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм. Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан хэмээн хариулав. Мөн энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй. Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг. Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа гэв.
Ингээд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Дараа нь Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа.
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.
Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Түвшин нар үг хэлэв. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гээд төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татвар төлөгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн дансыг хаахаас эхлээд захиргааны арга хэмжээ авдаг. Иймд цаашдаа татварын хувь хэмжээ, татвар бүрдүүлэлтийн асуудлыг Улсын Их Хурал өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр заасны дагуу Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, сонгон шалгаруулах зарыг нийтэд хүргүүлсэн гэв.
Мөн сонгон шалгаруулах зарыг 2024 оны 12 дугаар сарын 05-18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл Төсвийн байнгын хороо хүлээн авсныг дурдаад өнгөрсөн хугацаанд холбогдох материалаа ирүүлсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулсан юм.
Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн 35 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн 36 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.
Нэр дэвшигч З.Батмөнх нь 1982 онд төрсөн 42 настай. ШУТИС-ийн Компютер, технолог, мэдээллийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Сайтамагийн Их Сургуулийн эдийн засгийн магистр, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй. 2005 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ.
Нэр дэвшигч Ж.Эрдэмзаяа нь 1984 онд төрсөн 40 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн магистр, санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2006-2011, 2020 онд СЭЗДС-д багш, 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвд гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд статистик судлаач, 2016-2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах референт, 2024 оноос “Ди би эм ассет менежмент” үнэт цаасны компанид дотоод зөвлөх буюу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байна гэлээ. Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад олонхын санал авсан хүн гараагүй тул уг асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны төгсгөлд “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.