У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг бид анх удаагаа зохион байгуулна

У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг бид анх удаагаа зохион байгуулна

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбоотойгоор энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байх асуудлыг санаачилжээ. Улмаар Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болохоор шийдвэрлээд байна. Ийм өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, иргэдэд өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Энэ талаар У.Хүрэлсүх “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс иргэд олон нийтэд чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг жил бүр хэвшил болгон зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байгаа. Тодруулбал, болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр энэ талын мэдээ, мэдээллийг радио, телевиз, сонин, сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах болно.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж чадах иргэдийг бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлд олон нийтийг хамруулсан өдөрлөгийн хүрээнд сургалтуудыг хийнэ. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд олон нийтийн үйлчилгээний газруудад аюулгүй байдлыг үнэлгээг хийж, аюулгүй орчныг бүрдүүлэх шаардлага байна. Энэ ажил өнөөдөр эхлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын цэцэрлэг, сургуулиудад бүгдэд нь хяналт шалгалт хийж буй. Энэ хүрээнд хэчнээн барилга байгууламжийг нураах эсвэл хүчдэл хийх шаардлагатай зэргийг тогтоож байгаа. Гадаадын улс орнуудтай харилцан туршлага солилцох зэрэг маш олон төрлийн ажил явуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү ажлын хүрээнд ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 22-нй өдөр”Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдар”-ийг бид анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тиймээс манай иргэд идэвхтэй сайн оролцож, сурсан мэдсэн зүйлээ цаашид түгээн дэлгэрүүлэх байх. Улмаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллана гэж найдаж байна” гэлээ.

Энэ өдөр төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх гэнэ. Түүнчлэн хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэ нь газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байлаа. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамж гарч, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байгын ажиллагаатай зөвлөлийг байгуулсан. Энэхүү зөвлөл маань эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний хамгийн түрүүнд хиймэн ажил гэвэл нийслэлийн хэмжээнд байгаа 35 мянган барилгаас нийтийн зориулалттай орон сууцуудын газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, 566 барилгад үнэлгээ хийсэн. Эдгээр барилгаас тэсвэртэй барилга нь 172 байсан гэсэн дүн гарсан. Харин нэмэлт арга хэмжээ авах, хүчитгэж сайжруулах барилга 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэдгийг тогтоогоод байгаа.

Тэсвэргүй 319 барилгаас огт ашиглах боломжгүй барилга нь 172 барилга байна гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тиймээс эдгээр 172 барилгаас бид 98 барилгыг дахин төлөвлөж, шинээр орон сууц барихаар нийслэлийн Засаг даргын захирамж гаргаад байгаа. Улмаар 31 барилгад нь дахин төлөвлөлт хийгээд байна. Одоо 58 барилгад нээлттэй сонгон шалгаруулалт хийгдэнэ. Энэ мэтээр бид шат дараатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг нураагаад шинээр барилга барих ажил хийгдэх болно” гэв.

Мөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаараа газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед иргэд түр цугларах талбайг дахин нэмсэн байна. Хуучин 47 байсныг нэмээд 111 түр цугларах талбайг тодорхойлоод байгаа гэнэ. Энэхүү түр цугларах талбайд ямар нэгэн байдлаар барилга байшин баригдахгүй юм байна. Мөн нүүлгэн шилжүүлэх байршил хотын хамжээнд 24 байсныг 31 болгож нэмжээ.

Харин “Аюулгүй сургууль ба аюулгүй цэцэрлэг” санаачлагын талаар БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр “Газар хөдлөлтийн гамшгийг буруулах, газар хөдлөлтөд бэлэн байх асуудлын хүрээнд “Аюулгүй сургууль ба аюулгүй цэцэрлэг” санаачлагыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаад ерөнхий боловсролын сургууль, 1200 гаруй цэцэрлэгийн барилгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх ажил явагдаж байна” хэмээсэн юм.

Энэхүү жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэж байх бөгөөд энэ хүрээнд олон ажил хийгдэж байх юм байна. Харин пүрэв гарагт нь буюу гуравдугаар сарын 23-ны өдөр аваарын тохио дуграх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.