Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулав. Автотээврийн тухай хууль нь анх 1999 оны зургадугаар сарын 4-нд батлагдсан бөгөөд 16 удаа нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөж байгаа аж.
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг 2016 оны арваннэгдүгээр сард Хууль зүйн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтаран баталсан юм. Тус үзэл баримтлал нь Автотээврийн тухай хуулийг шинээр боловсруулах болсон үндэслэл, шаардлага, үе шат, Хуулийн зохицуулах зүйл, бүтэц, үйлчлэх хүрээ, Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актуудтай хэрхэн уялдах гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авто тээврийн салбарыг үр ашигтай хөгжүүлэх, аж ахуйн нэгж болон иргэд авто тээврийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зэрэг бодлогын хүрээнд хэд хэдэн заалтууд тусгагдсан ажээ. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Авто тээврийн зохицуулах хороог шинээр байгуулахаар шинэчилсэн найруулгад тусгажээ.
Мөн тус хуулиас гадна Автотээврийн тухай төрөөс хэрэгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөө гэсэн баримтуудыг шинээр боловсруулж байгаа юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.