Ц.Элбэгдорж: Гамшгийн үед Монгол Улсын иргэд бүгд бэлэн байх хэрэгтэй

Ц.Элбэгдорж: Гамшгийн үед Монгол Улсын иргэд бүгд бэлэн байх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аар энэ оны хоёрдугаар сард баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулах ёслол болов.
 
УИХ-аар 2003 онд баталсан Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, хүмүүнлэгийн тусламжтай хол­богд­сон харилцаа зохицуу­лагдаагүй зэрэг дутагдалтай талууд олон байсан. Иймээс гамшгаас хамгаалах хууль тог­тоомжийг боловсронгуй болгож, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн хуулийг шинэчлэн найруулсан байна.
 
Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэж, цаашдаа тогтвортой ажиллахад уг хууль томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёслолын үеэр онцлов. Мөн тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид бусдын амийг аврахын төлөө өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулдаг.
 
Гамшиг тохиолдсон газарт та бүхнийг очиход иргэд тайвширч “Монгол төрийн авралын гар” ирлээ гэж хардаг. Тиймээс та бүхэн алдах эрхгүй. Хүн төрлөхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий амьдрахад улам бүр аюултай болж байна. Тиймээс гамшгийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд бэлэн байх хэрэгтэй. ОХУ-д сургууль төгсч ирээд, Цэргийн төв байгуулагын сонинд ороод авсан хамгийн анхны томилолт маань Иргэний хамгаалалтын сургалт сурвалжлах байсан. Энэ сургалтаар иргэдийг гамшгийн үед хэрхэн ажиллах вэ гэдэгт сургадаг байлаа.
 
Саяхан Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул тэр мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байсан. Тиймээс хуучны Иргэний хамгаалалтын сургалттай адилаар гамшгийн үед өөрийгөө болон бусдын амийг аврах талаар Ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог болох хэрэгтэй” гэлээ.  
 
 
2018 онд Азийн Онцгой байдлын байгууллагын сайд нарын хурал Монголд болохоор төлөвлөж байгааг мөн энэ үеэр дуулгав. Тиймээс энэхүү хурлын үеэр бусад орноос туршлага судлах, өөрийн хүчин чадлаа таниулах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн Хуульд Онцгой гавъяа байгуулсан алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгох зэргээр онцгой байдлын бие бүрэлдэхүүний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх олон чухал заалт орсон гэдгийг хэллээ.
 
Гамшгаас хамгаалах асуудлыг шинээр баталсан хуулийн дагуу зохион байгуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цэргийн жинхэн алба хаагчидттай адил болгон, холбогдох дүрэм журмаараа баталгаажуулах нь чухал юм” хэмээгээд Шадар сайд У.Хүрэлсүхэд хуулийн шинэчилсэн найруулгыг гардуулав.
 
Шадар сайдын зүгээс гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр эрх зүйн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд, МУЗН, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.
 
Мөн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад үнэтэй хувь нээр оруулсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, БХЯ, ОБЕГ, Шадар сайдын ажлын албанд талархал хадгалуулав.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.