Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөгжлийн банк байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд шалгалт хийж дууссан. Тэгвэл энэхүү ажлын хэсэг санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байгаа. Улмаар байнгын хороо болон чуулганы хуралдаанаар шалгалтын үр дүнг авч хэлэлцэхээр болсон.
Тиймээс ч сүүлийн хэдэн өдөр Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилт болоод зээлийн асуудал яригдаж эхлээд байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг 3-4 компани нэлээд их хэмжээний мөнгө Хөгжлийн банкнаас зээлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс эрхэм гишүүн энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Ямар учиртай хүсэлт вэ гэвэл, УИХ-ын гишүүний хувиар би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, ямар ямар компанид хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшдэгээ гаргаж өгдөг. Ийм үүрэгтэй, хуультай. Миний 2012 оноос хойш гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэх ёстой компаниуд хэдэн төгрөгийн зээл хаанаас авсныг нэгдүгээрт тогтоож өгнө үү.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахлахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж хууль бусаар энэ банкнаас зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа. Хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар дүгнэлт гаргах байх. Үүний дараа УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах болов уу гэж бодож байна. Би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.