Н.Учрал УИХ-д инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна гэв

Н.Учрал УИХ-д инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Билэгт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр болон холбогдох яам, агентлаг, эрдэмтэн судлаачид, гарааны компаниудын төлөөлөл оролцов.

УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр Инновацийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд өнөөг хүртэл тус хуулинд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоо байгаа боловч ажилладаггүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байдагт хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах, инновацийн тогтолцоо, дэд бүтцийг бүрдүүлэх, гарааны компаниудыг дэмжих төрийн бодлого, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Хэлэлцүүлгийн үеэр Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистр, докторын сургуулийн захирал, доктор, профессор Б.Баттөр “Улс орны бодлого боловсруулагчид инновацийн тэргүүлэх чиглэлийг баталж, инновацийн санг байгуулан гарааны компаниудыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Инновацийн тухай хуулийг эргэн харж, шинэчлэх, гарааны бизнес эрхлэгчийн гаргасан бүтээгдэхүүний зах зээлийн хамгаалах, тэдэнд хууль эрх зүй, дүрэм журмын талаар мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах цаг болсон” гэв.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улс дэлхийн хэмжээнд инновацийн хөгжлөөр хангалтгүй байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн энэ асуудлыг цэгцтэй, нэгдсэн зохион байгуулалтад оруулахад манлайлал хэрэгтэй байна. Иймд би Улсын Их Хуралд инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна” гэлээ. Тэрбээр Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавиад байгаа юм. Энэ үеэр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг зөвхөн нэг удаа хийгээд зогсохгүй. Байнгын хорооноос жил бүр хийхээр төлөвлөсөн. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахын төлөө ажиллана” гэв.

Ийнхүү УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулахаар болов. Түүнчлэн Засгийн газарт холбогдох дүрэм, журмуудыг боловсруулах, өмнө гарсан журмуудын уялдааг сайжруулах талаар чиглэл өгөхөөр тогтлоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.