УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн. Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав.
Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна.
Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.