УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гэхдээ дутуу зүйл их байгаа учраас анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтсон юм. Уг нь энэ хууль оффшор бүсэд хөрөнгөө нуусан нөхдүүдийн мөнгийг Монголд авчрах, тэдний хөрөнгийн эх үүсвэрийг АТГ-аар шалгуулахад чиглэсэн гэж ойлгож байсан ч тийм биш болж таараад байна. Энэ талаар хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд санаа бодлоо хэлж байсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Миний хувьд өнгөрсөн хугацаанд оффшор бүсийн талаар судалгаа хийж байгаа. Энэ оффшорыг хориглосон биш дэмжсэн хууль болоод байна. Өмнө нь оффшор бүсэд данс нээлгэсэн, компани байгуулсан этгээд төрийн албанд одоо орвол өмнөх асуудал нь хамаагүй юм шиг хуульчлагдахаар байна. Хоёрдугаарт, ямар ч улстөрч өөрийнхөө нэр дээр оффшор бүсэд аж ахуйн нэгж байгуулахгүй. Оросын Ерөнхийлөгчийг ангийнх нь андтай, Хятадын Ерөнхийлөгчийг хүргэнтэй нь, Дэвид Камероныг төрсөн эцэгтэй нь холбож хариуцлагын асуудлыг сөхөж байна. Огцорч байна.
Тийм учраас гэр бүлийнх нь гишүүд, ах дүү, хамаатантай нь холбох хэрэгтэй. Олон улсад бол улстөрчийг авлигатай холбогдсон, хөрөнгийн эх үүсвэрээ нуусан гэж үздэг. Аж ахуйн нэгжийн хувьд хуулийн цоорхойг ашиглаж татвараас зугтсан үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хулгай хийж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ хуулийг оруулж ирэх юм бол бодьтой, үндэслэлтэйгээр нэн яаралтай оффшорт байгаа эд хөрөнгийг шалгах үндэслэлтэй болох ёстой. Нэгдүгээрт хориглоно. Хориглохдоо зөвхөн албан тушаалтан өөрийг нь биш. Гэр бүлийнхэн, төрсөн ах дүү, эцэг эхийг нь хамруулах ёстой.
Дээрээс нь саяхан ил болсон оффшорчдыг шалгая. Далд байгааг нь ил болгоод, эх үүсвэрийг нь шалгах хэрэгтэй. Үнэхээр хууль бус эх үүсвэр бол хуулийнхаа дагуу төр хөрөнгийг нь хурааж авах ёстой шүү дээ” хэмээн ярьсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.