Бензиний экспортдоо хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй гэжээ

Бензиний экспортдоо хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй гэжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа. Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв. Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо. ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэллээ. Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.