Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлж, наслалтыг уртасгахад чиглэсэн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн төр засаг, хамт олон, иргэн оролцсон зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг. Судлаачид эрүүл мэнд нь тухайн хувь хүний хувийн хариуцлагын асуудал боловч мөн нийгмээс шалтгаалах хүчин зүйлүүд нь ч чухал нөлөөтэй болон хувирч байна гэдэг. Тэгвэл өчигдөр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн зөвлөх Д.Баярсайхан болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд, эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам нар оролцсон юм.
Нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн эрх зүйн орчны бэрхшээлийг арилгах нь чухал байгааг онцолж байлаа. Учир нь хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлалууд бүрэн боловсронгуй бус, байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй байгаа нь салбарынхны хувьд томоохон хүндрэл болж байгаа аж. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) “эрт илрүүлэлт” болон “урьдчилан сэргийлэлт” гэсэн ойлголт хуульд ялгагдаагүй байгаа нь практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд урьдчилан сэргийлэх үйлчилгээг уялдуулах шаардлагатайг дурдаж, ирээдүйд тус үйлчилгээг тогтмол хянах, үнэлэх эрх зүйн механизм бий болгох, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгаа ажээ.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал чухал нөлөөтэй. ХӨСҮТ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг үндэсний төвүүдийн их засвар, шинэчлэлтийн асуудал удаашралтай байна. Тиймээс улсын төсөвт тогтвортой тусгаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зориулсан санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүний нөөцийн хувьд орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын нөхцөлийг сайжруулах, цалин хөлсний ялгаатай байдлыг арилгах, бодлогын түвшинд цогц шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн иргэдэд хүрэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Тиймээс үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд амьдралынхаа туршид тасралтгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдэд зөвхөн онош тавиад зогсохгүй, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнээр зан үйлийн зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг зөв чиглүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хуульд туссан “тэгш хүртээмж”-ийн заалт хэрэгжихийн тулд төсөв, хүний нөөцийн бодлого, орон нутгийн ялгаатай байдлыг бодитоор арилгах механизм шаардлагатай” гэсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт орон нутаг дахь нийгмийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Тэдний зүгээс орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодит үр нөлөө болон аймаг, дүүрэг, сумын төвүүдийн чиг үүргийг тодорхой болгож, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэйг санал болголоо. Үүнтэй уялдуулан хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт болон “discharge plan”-ийн хэрэгжилтийг бодит болгох, НЭМ-ийн “гурвалжин”-г зөв хөгжүүлэх шаардлагатайг гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчид нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, санхүүжилт, дэд бүтцийг тогтвортой хангах, хүний нөөцийн уян хатан, шударга бодлого хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоо, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитой дэмжих нь зайлшгүй гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бодитойгоор нэмэгдүүлэх юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуунтай нийгмийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа.
-“Бид эмэгтэйчүүд” арга хэмжээ өнгөрсөн хавар зохион байгуулагдсан. Энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоо болон орон нутаг дахь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож байсан. Энэ удаагийн арга хэмжээ өнгөрсөн удаагийнхаас юугаар ялгаатай вэ?
-Өнгөрсөн удаагийн уулзалтын үеэр эмэгтэй гишүүд болон эрүүл мэндийн салбарын хүмүүсээс маш олон санал ирсэн. Үүнд бодлого болон хууль эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны менежмент бүтэц зохион байгуулалттай холбоотой саналууд байсан. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулж, бодлогыг шинэчлэх шаардлага үүсэж байгаа юм. Ингэхийн тулд чуулган эхлэхээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд нийгмийн эрүүл мэндийг тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар судалгаа хийж, шаардлагатай санал дүгнэлтийг гаргах ажлын хэсэг байгуулах гээд явж байна. Энэ нь өнгөрсөн хаврын уулзалтын үргэлжлэл юм. Өнгөрсөн удаагийн хэлэлцүүлгээр эмэгтэйчүүд маань маш олон асуудлыг хөндсөн. Үүнээс бид зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг нь сонгон авч эрх зүй болон менежментийн хувьд юу хийх вэ гэдэг талаарх саналыг нь сонсож илүү нарийвчлан авч үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудалтай холбоотой бодлого, эрх зүйн асуудлыг нь түүж авч их хуралд байгуулагдах ажлыг хэсэгт оруулах зорилготой.
-Эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах хүрч чадаж байна уу. Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Та цаашид гарах үр дүнг хэрхэн харж байна?
-Эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хүрч байгаа. Тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол бид аливаа асуудалд хандахад жендерт суурилсан хэвшмэл ойлголт хамгийн том асуудал болж байна. Харин хүйсээр бус үүнийг мэргэжлийг хүн хийх ёстой салбар гэж хүлээж авбал зүгээр гэж боддог. Жишээлбэл, нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийг хангуулах гээд ажлын хэсэг байгуулан энэ бүх үйл явцаа танилцуулаад явж байна. Гэвч манай энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү байдаг. Тэгэхээр бүх шатны ажлаа танилцуулаад явна. Тэр хэрээр эмэгтэйчүүд маань мэдээлэл сайтай байна гэсэн үг юм. Мэдээлэл сайтай болсон хүмүүс дуу хоолойгоо илүү хүргэнэ.
-Өнөөдөр эрүүл мэндийн ажилчид өөрийн дуу хоолойгоо хүргэсэн байна. Эрүүл мэнд,боловсролын салбарт эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байна вэ?
-Боловсролын салбар эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Хамгийн том асуудал нь бол маш их ачаа үүрүүлж байгаа ч хэр нь эргээд нийгмийн баталгаа сул байна. Нийгмийн баталгаа гэдгийг юу гэж харах вэ гэвэл санхүүгийн дэмжлэг, орон байр авах, хүүхдээ асрах, хөдөлмөрийн уян хатан нөхцөл, ажлын байрны эрүүл орчин, уур амьсгал зэрэг асуудал тулгамддаг. Эмэгтэйчүүдийг нийгэмд үр хүүхэдгүй юм шиг ажуулахыг хүсдэг. Эргээд бас ажилгүй юм шиг үр хүүхдээ асар гэдэг үүргийг өгдөг. Энийг бид зөв талаас нь харж бага насны хүүхэдтэй хүний хөдөлмөрийн нөхцөлийг нь уян хатан болгох тал дээр дахин ажиллах хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.